Саудын Арабын нийслэл Эр-Риядад өчигдөр, Араб-Хятадын 10 дахь удаагийн бизнес бага хурал болж өндөрлөсөн. Энэ хүрээнд Хятад, Саудын Араб хоёр улс 10 тэрбум ам.долларын бизнес хэлцэл байгуулсан тухай мэдээ анхаарал татаж байна. Ойрх Дорнод дахь хүчний тэнцвэрт байдалд Хятадын нөлөө жин дарах болсны нэг илэрхийлэл нь энэ үйл явдал болж байгааг шинжээчид тэмдэглэж байна.
Саудын Арабын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Хятад болон Саудын Арабын хооронд технологи, сэргээгдэх эрчим хүч, ХАА, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, аялал жуулчлал, эрүүл мэндийн гэхчлэн олон салбарт 30 гаруй гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Саудын Араб, Хятадын хоорондох шинэ хөрөнгө оруулалтын талаас илүү хувь нь, Хятадын тансаг зэрэглэлийн цахилгаан машин үйлдвэрлэгч “Хьюмен Хорайзон” компанийг Саудын Арабт шинэ үйлдвэрүүд барихад зарцуулагдах юм байна. Саудын Арабын эрчим хүчний сайд, хунтайж Абдулазиз бин Салман хэлцэлд гарын үсэг зурсан талуудад хэлсэн үгэндээ, “бид Хятадтай өрсөлдөх биш, хамтарч ажиллах учиртай” гэж мэдэгдэж байжээ. Ойрх Дорнод дахь АНУ-ын хамгийн гол түнш орон байж ирсэн Саудын Араб улс ийнхүү Хятадтай өндөр дүнтэй олон тооны гэрээ хэлцэл байгуулж байгаа нь энэ бүс нутаг дахь АНУ-ын нөлөө суларсны бас нэг нотолгоо болж байна гэж томоохон хэвлэлүүд дүгнэн бичиж байна.
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухмаммед Бен Салманы ивээл дор болсон энэ бизнес чуулга уулзалтыг, бүс нутгийн 26 улсын бизнесийн хүрээний удирдагчид, эрдэмтэн судлаач-инновац бүтээгчид, шийдвэр гаргах түвшний 3500 гаруй төлөөлөгчид хуран чуулсан “асар том цугларалт” гэж нэрлэж байна. Тэр дундаа Хятадаас урьд өмнө очиж байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл очсоныг тэмдэглэж байна. Ийм өргөн шинэ хамтын ажиллагаа эхлэхээс гурван сарын өмнө Хятад улс, олон жил дайсагналцаж ирсэн Саудын Араб, Иран улсуудыг найрамдаж, дипломат харилцаагаа сэргээхэд нь зуучилж байсан. Хятад улс Саудын Арабын газрын тосны гол томоохон худалдан авагч гэдгээрээ энэ хоёр улс хэзээнээсээ эдийн засгийн нягт холбоо харилцаатай явж иржээ.
Өнгөрсөн 2022 онд гэхэд хоорондын худалдааны хэмжээ нь 106 тэрбум ам.доллароос давж, өмнөх жилийнхээсээ 30 хувиар өссөн үзүүлэлтэд хүрснийг Саудын Арабын засгийн газрын тоо баримт харуулж байна. Мөн Ази болон дэлхийн улсуудын хооронд худалдаа хөгжүүлэхэд чиглэсэн “Шинэ торгоны зам” буюу Хятадын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Ойрх Дорнодын өөр хэд хэдэн улс бас Хятадтай дэд бүтцийн хэд хэдэн төсөлд гарын үсэг зурсан байна.