Жүжигчин Жонни Депп болон Амбер Херд нарын удаан үргэлжилсэн гэр бүлийн хүчирхийллийн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны зун Жонни Деппийн ялалтаар хаагдсан билээ. Тэгвэл "Карибын тэнгисийн дээрэмчид" киноны дүрээрээ дэлхий дахинд танигдсан Жонни Депп шүүх хуралд ялалт байгуулан, Амбер Хердээс авсан 1 сая ам.доллароо таван буяны байгууллага тус бүрт 200 мянган ам.доллароор хуваан хандивлажээ.
Хүүхдүүдийн эмчилгээний зардал, байгаль орчныг сэргээн засварлах, дэд бүтцийг сайжруулах, орон гэргүй хүмүүст тусламж үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг таван хандивын байгууллага аж. Өнгөрсөн онд шүүхийн шийдвэр гарсны дараа Амбер Херд давж заалдах хүсэлт гаргасан боловч арванхоёрдугаар сард тохиролцоонд хүрсэн талаар "People" сэтгүүл мэдээлжээ. Амбер Херд инстаграмдаа тохиролцоонд хүрсэн тухайгаа мэдээлэн "хүлээн зөвшөөрч байгаа нь буулт хийж буй хэрэг биш" гэх утгатай постолжээ.
Шүүх хурлын дараа Амбер Херд Испанид хүүхдийн хамт нам жим амьдарч байгаа бол Жонни Депп өнгөрсөн сард болсон Каннын кино наадмын улаан хивсний ёслолд оролцон олны өмнө гарсан билээ.