Та хүүхдэдээ унтахынх нь өмнө үлгэр уншиж өгч байгаарай. Энэ таны хүүхдийн ирээдүй, хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх болно.
Нэгэн хаан байжээ. Тэр хаан үлгэр сонсох тун дуртай юмсанжээ. Дандаа шинэ, сонин үлгэр сонсох гэдэг байж. Ордны үлгэрчид мэдэх бүх үлгэрээ ярьчихсан тул хааны сэтгэлийг хангаж чадахаа байв гэнэ. Хаан:
-Миний мэдэхгүй үлгэр ярьсан хүнийг охинтойгоо суулгана, хаант улсынхаа хагасыг өгнө! гэж зар тараах зарлиг буулгажээ.
Үлгэр ярихыг хүссэн олон хүн гарч иржээ. Тайж ноёд, генерал, худалдаачин гээд, гэхдээ нэг нь ч амжилт олсонгүй. Нэг үлгэр ярьж эхэлмэгц хаан:
-Мэднэ, мэднэ. Энэ үлгэрийг сонссон! гэж зандарна. Тэгээд л үлгэрчийг хөөчихдөг байжээ.
Тэр улсад нэгэн ядуу эр зовж зүдрэн амьдардаг байж гэнэ. Орох оронгүй, оочих аягагүй ядуу эр гэнэ. Хаана ч хамаагүй хонож, юу ч олдсон идэж уугаад өдөр хоног өнгөрөөдөг юмсанжээ. Өл залгах цаг ч байж, өлсгөлөн суух өдөр ч байж. Нэг удаа ядуу эр аяга дарс ууж дулаацахаар архины мухлагт оржээ. Мухлагийн авгай түүнийг шоолон инээж:
-Яагаад хаанд очиж үлгэр ярихгүй байгаа юм бэ? Гүнж нүдээ бүлтэртэл харуулдаад чамайг тэсэн ядан хүлээж суугаа даа гэж дамшиглажээ.
Ядуу эр дооглон инээхийг нь сонсонгоо «Ер нь очоод азаа үзвэл яасан юм бэ? Хааны хүргэн болохгүй ч хоёр гурван өдөр хоолтой өнжье» гэж боджээ.
Ядуу эр ордонд ирэхэд хаан:
-За, ямар хэргээр ирэв?
-Их эзэнтэн минь, танд үлгэр ярихаар ирлээ. Гагцхүү эхлээд намайг хооллож ундлаач гэжээ.
Хаан түүнийг ширвэн хараад инээвхийлэн «Энэ бас гүнжийн нөхөр болох санаатай, ээ хөөрхий гэж! Далан нөхөөс болсон цамцтай, дан уяагаар тогтоосон дэрсэн шаахайтай байж» гэж боджээ.
Гэхдээ татгалзсангүй.
Ядуу эр хоол идэж цай уужээ. Хаан шадар ноёд, үнэнч зөвлөгч нараа тойруулан сууж:
-За, үлгэрээ ярь! гэж тушаав.
-Насан өөд болсон эцэг минь улсын хамгийн баян хүн байсан юм. Өндөр сайхан байшин бариулжээ. Тэр байшингийн дээвэр дээгүүр тагтаа гүйлдэж тэнгэрийн одыг тоншин байдаг байсан юм. Ийм л өндөр байшин байсан юм даа! Хашаа маань асар том цэлгэр. Тагтаа шувуу зуны өдөр нэг өнцгөөс нь нөгөө өнцөгт нь нисэн хүрч чаддаггүй байсан юм даа.
Хаан дув дуугүй, шадар ноёд ч дуугүй, үлгэрийг нь тасалсангүй. Ядуу эр:
-Үргэлжлэлийг нь маргааш цай ууж боов идсэнийхээ дараа үдээс хойш ярья гэжээ. Тэгээд оройн хоол идэхээр гал зуух руу оржээ. Хойд орой нь ядуу эр үлгэрээ үргэлжлүүлэв.
-Манай хашаанд нэг долоон настай бух зогсож байдаг байв. Нэг эвэр дээр нь нэг малчин, нөгөөх дээр нь өөр нэг малчин суугаад бүрээ үлээж, эвэр бүрээ тоглож, дуу дуулдаг байлаа.
Харин хоёр биеийнхээ царайг хардаггүй, дууг сонсдоггүй байсан юм. Ийм том бух манайд байсан юм даа!
Хаан дув дуугүй л сонсоно, шадар ноёд ч дув дуугүй. Ядуу эр босон:
-За, одоо унтаж амарцгаая, маргааш үлгэрээ дуусгана гэв. Тэгээд хоол идэхээр гал зуух руу оржээ. Энэ хойгуур хаан:
-Шадар ноёд минь, одоо яах вэ? Энэ үлгэрийг би сонсоогүй юм байна. Гэхдээ охиноо энэ муу ноорхой эртэй суулгалтай биш дээ. Хуурах арга бодоцгоогооч гэжээ.
Тайж, шадар ноёд бодож бодож ингэж шийджээ.
-Эзэн хаантан минь, та энэ үлгэрийг мэднэ гэж хэл. Бид ч батлаад өгнө. Бүүр итгүүлэхийн тулд бичээд дор нь бид гарынхаа үсгийг зурцгаая гэцгээж, хаан ч зөвшөөрч тохиролцжээ.
Ядуу эр энэ хуйвалдааныг мэдсэн боловч мэдээгүй юм шиг л байв. Дараа өдөр нь ядуу эр үдээс хойш юу ч мэдээгүй хүний царай гарган орж ирээд үлгэрээ ярьж дуусгажээ.
-Манайд гурван өдрийн дотор дэлхийг тойрдог нэг гүү байсан юм... Тайж, шадар ноёд хаантай нүд ирмэлцэн жуумалзан сууцгаана.
-Алт мөнгө ч гэж амбаар амбаараар дүүрэн байлаа. Тэр үед хаан та нэг авдар алт аваад одоо болтол эргүүлж өгөөгүй билээ... Яг энэ хоромд хаан:
-Мэдэж байна, энэ үлгэрийг мэднэ гэж орилжээ. Тайж ноёд ч дагалдан:
-Мэднэ, мэднэ. Энэ үлгэрийг сонссон юм байна. Бичиг бичиж гарын үсгээ зурахад ч бэлэн! гэжээ.
Тэгээд яаран босоцгоож гарын үсгээ зурцгаажээ. Ядуу эр бичгийг аваад:
-За сонссон, мэдэж байгаа юм бол эзэнтэн минь, өрөө төл дөө! гэхэд хаан:
-Нөхөөс болсон эрд хууртлаа! гэдгээ сая ухаарчээ.
Үзгээр бичсэнийг сүхээр цавчилтай биш дээ, яах ч аргагүй болж, нэг авдар алт ядуу эрд өгчээ. Ядуу эр мөнгөтэй болоод амар сайхан амьдрах болжээ. Тэр ч байтугай одоо болтол эсэн мэнд эрүүл саруул гэнэ лээ. Хааяа хааяахан хааныг шоолж инээдэг гэнэ лээ.