Дундговь аймгийн Хулд сумын уугуул адууг эзэн нь Дархан-Уул аймгийн Шарынгол сумын хүнд зарсанд жилийн дараа нутаг гүйж ирсэн төдийгүй өнөөдөр сум орон нутгийнхаа наадам, уралдаануудад тогтмол дээгүүр давхиж байна. Хулд сумын уугуул Отгонбаярын Наранбаатарын "Фэйсбүүк"-т бичсэнийг үзвэл, уг адууны эзэн Сүхбаатарын Даваадорж 2020 оны намар хязаалан насны зээрд үрээгээ зарахаар Эмээлтийн бойн дээр иржээ. Дугаарлаад зогсож байхдаа сонсвол Дархан-Уул аймгийн Шарынгол сумын нэг хүн унаа хийх хоёр үрээ 700 мянгад авмаар байна гэж ярьж байв. Унаган адуугаа бойнд өгөхөд сэтгэл төвдөж өгөхгүй байсан эзэн нь тэр хүнтэй наймаа тохирч морио өгөөд буцсан байна. Дараа жил нь тэр хүнээс мэдээ авбал зээрд үрээ нь гүйгээд явчихсан байжээ. Ингээд зарагдсанаасаа хойш 11 сарын дараа буюу 2021 оны намар уг адуу нутагтаа гүйж ирсэн байна. Эзэн нь тэр жил нь тэжээлд оруулж хойтон нь уясанд Хулд сумандаа дөрөвт, улмаар ойр орчим болсон хэд хэдэн уралдаанд мөн сайн давхиж нийтдээ дөрвөн уралдаанд дөрөв айрагдсан байна. Улмаар энэ жилийн анхны уралдаан Хулд уулын тахилгад айрагджээ.
Хулд сум адууныхаа хурдаар аймаг, орон нутагтаа төдийгүй улсын хэмжээнд хэзээний алдартай. Тухайлбал Монгол улсын анхны арван алдарт уяачийн нэг, анхны арван нэгэн манлай уяачийн нэг, 1970-80-аад онд гурван хүрэн адуугаар төрийн наадамд ирэх бүртээ түрүү, айраг авч байсан Жамбалын Содномпил (1937-2020) энэ нутгийн уугуул юм.