Өнгөрсөн тавдугаар сарын дундуур Монголын соёлын салбарынхан цалингаа голж, нэмэхийг шаардан жагсаал хүртэл хийгээд амжсан. Тэд байгууллагын удирдлагууд дарамж үзүүлдэг, цалинг нь нэмэх тал дээр дорвитой арга хэмжээ авдаггүй, яамны үйл ажиллагаа таалагддаггүй гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлсэн. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын зааланд болсон хуралд Соёлын сайд Ч.Номин хүрэлцэн ирж, ярилцсан. Энэ үеэр мөн урлагийн бусад салбарынхан нэгдэж, тэр дундаа Улсын Драмын эрдмийн театрын жүжигчид өөрсдийн цалингаа ил болгож, тэмцэлд нэгдэж буйгаа зарласан.
За энэ ч яахав болоод л өнгөрсөн зүйл. Харин тухайн маргааны үеэр иргэдийн чихэнд хүрсэн хамгийн сонирхолтой зүйл бол дуучид, бүжигчдийн хэлсэн "Номин сайд та өөрөө дуулж, бүжиглээрэй" гэх үгс билээ. Мөн тэдний зарим нь "Бөхчүүд ээ дуулуулаарай" гэж хэлж байгаа харагдсан.
Тэгвэл эрхэм сайд Ч.Номин танаас асууя. Сарын дараа болох гэж байгаа Улсын баяр наадмаар хэн дуулж, бүжиглэх юм бэ. Та дуучид, бүжигчидтэйгээ дахиж уулзаж, тохиролцсон уу. Наадмын бэлтгэл ажил хэр түвшинд явж байгаа вэ?
Л.Сайнаа