Нийслэлийн соёл урлагийн газраас санаачлан, Монголын урлагийн зөвлөл(МУЗ), Монголын үндэсний кино урлагийн зөвлөл(КУЗ) хамтран, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохиогдох 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам болно. Тус наадам 2023 оны есдүгээр сарын 18-23-нд Улаанбаатар хотноо болох юм. Уг наадмын хүрээнд “Монгол кино уралдаан”-ыг зарлажээ.
Уралдаанд уран сайхны кино хүлээн авах ба ирүүлсэн кино бүтээлүүдээс “Монгол кино хөтөлбөр”-т олон нийтэд толилуулах бүтээлүүдийг шалгаруулна. Дараах төрөл тус бүрд нэг шилдэг бүтээл шалгаруулж, цом, мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулна. Үүнд,
- Шилдэг кино
- Шилдэг найруулга
- Шилдэг гол дүр
- Шилдэг туслах дүр
- Шилдэг зураглаач
- Шилдэг зураач
- Шилдэг зохиол
- Шилдэг хөгжим
- Шилдэг эвлүүлэг
- Шилдэг дууны найруулга
- Шилдэг орлон тоглогч
- Шилдэг нүүр хувиргагч
2023 оноос эхлэн “Улаанбаатар” олон улсын кино наадмын “Монгол кино уралдаан”-ы “Шилдэг кино” төрөлд түрүүлсэн бүтээл АНУ-ын Кино академийн буюу Оскарын наадмын “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд нэр дэвшихэд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх эрх авна. Иймд уг төрөлд нэр дэвших кино АНУ-ын Кино академийн тавьдаг үндсэн шаардлагуудад нийцсэн бүтээл байх шаардлагатай аж.
Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, Монголын урлагийн зөвлөлийн төлөөлөл бүхий ажлын хэсгээс томилсон шүүгдийн бүрэлдэхүүн хийнэ. Сонгон шалгаруулалтын эцсийн дүнг 2023 оны есдүгээр сарын 5-нд зарлана.