Мьянмарын арми цэргүүдээсээ урваж, элсүүлэхэд бэрх болж байна. Хоёр жилийн өмнө төрийн эргэлт хийж засгийн эрхийг булаан авсан хунта арми ардчиллыг дэмжигч зэвсэгт бослогыг дарахын тулд тэмцэж байгааг шинээр халагдсан цэргүүд BBC-д өгсөн тусгай ярилцлагадаа хэлжээ.
"Хэн ч цэрэгт явахыг хүсдэггүй. Хүмүүс тэдний харгислал, шударга бус үйлдлийг үзэн яддаг" гэж Ней Аун хэлэв. Анх тэр тэнд алба хаахаас татгалзсанаасаа болж винтовын ишээр айхтар цохиулж, “урвагч” гэж дуудуулсан тухайгаа ч хэлжээ. Тэрбээр хоёр дахь удаагаа оргон зайлж, сөрөг хүчнийхний дэмжлэгтэйгээр Тайланд руу хил даван зугтаж чадсан байна.
"Миний найзуудын нэг нь эсэргүүцлийн жагсаалд оролцож байгаа. Би түүн рүү залгахад тэр Тайландад байгаа хүмүүст миний тухай хэлсэн. Би тэдний тусламжтайгаар энд ирсэн" гэв. Тэр одоогоор шинээр халагдсан бусад 100 цэрэг болон тэдний гэр бүлийн хамт аюулгүйн байранд амьдарч байна. Ард түмэнтэйгээ тэмцэхээс татгалзсан эдгээр хүмүүс одоо нуугдаж байгаа тул бид тэдний жинхэнэ нэрийг ашиглахгүй гэж BBC-ийнхэн нийтлэлдээ дурджээ.
Цөллөгт байгаа Мьянмарын Үндэсний эв нэгдлийн засгийн газрын (NUG) мэдээлснээр 2021 оны хоёрдугаар сард төрийн эргэлт хийж цэргийнхэн засгийн эрхийг гартаа авснаас хойш 13,000 гаруй цэрэг, цагдаа дүрвэсэн байна. Тэд илүү олон цэрэг, цагдаа нарыг тал сольж ажиллуулахын тулд мөнгөн урамшуулал, дэмжлэг үзүүлдэг гэнэ. Тэдний дунд 19 настай Маунг Сейн аюулгүйн орогнох байрны хамгийн залуу нь юм. Тэрбээр дөнгөж 15 настайдаа цэрэгт явсан.
Маун Сейн "Би цэргийнхнийг биширдэг байсан. Тэгээд гэр бүлээрээ бахархуулахыг хүссэн. Гэвч ардчиллыг шаардсан үндэсний хэмжээний бослогыг цэргийнхэн хүч хэрэглэн дарсан нь дүрэмт хувцастай эрчүүдийн талаарх хүмүүсийн үзэл бодлыг эрс өөрчилсөн. Бид тушаалаар хийсэн. Өөрийн сэтгэлээр биш" хэмээн ярьжээ.
Ардын хамгаалалтын хүчин (PDF) гэж нэрлэгддэг иргэний зэвсэгт бүлэглэлийн сүлжээний хажуугаар хил орчмын бүс нутагт үндэстний зэвсэгт байгууллагууд олон хүний таамаглаж байснаас хавьгүй илүү хүчтэй болж, Мьянмарын арми тус улсын томоохон хэсэгт хяналтаа алджээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)