Умард Солонгос энэ сарын 31-нээс зургадугаар сарын 11-ний хооронд хиймэл дагуул хөргөхөөр төлөвлөж байгаагаа Олон улсын далайн байгууллагад мэдэгдсэн байна. Гэвч Японы засгийн газар Умард Солонгос хиймэл дагуул сансрын тойрог замд оруулах нэрийдлээр баллистик пуужин хөөргөхөөр төлөвлөж байна гэж үзэж байна. Мөн Умард Солонгос хиймэл дагуул хөөргөхдөө баллистик пуужингийн технологи ашиглавал, энэ нь НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн үйлдэл болно гэж Токио үзэж байна.
Японы ерөнхий сайд Фумио Кишида холбогдох яамны сайд нар, агентлагуудад тагнуулын мэдээлэл сайтар цуглуулж, дүн шинжилгээ хийх замаар ард иргэдийг зохих мэдээллээр хангах үүрэг өгсөн байна. Мөн ямар ч нөхцөлд бэлтгэлтэй байх бүх талын арга хэмжээ авахыг засгийн газрын агентлагууддаа чиглэл өгчээ. Токио хиймэл дагуул хөөргөхтэй холбоотой эрсдэлийг тооцохоор Вашингтон, Сөүлтэй нягт хамтран ажиллаж байна. Умард Солонгос хэрвээ хиймэл дагуул хөөргөвөл түүнийг тээсэн пуужин Японы эдийн засгийн онцгой бүсээс гадна гурван газарт унана гэж тооцож байна. Тэдгээрийн хоёр нь Умард Солонгосын баруун өмнөд хэсэгт орших Шар тэнгист, нэг нь Филиппиний зүүн хэсэгт Номхон далайд унана гэж мэргэжилтнүүд тооцоолж байна. иймээс Японы эргийн хамгааллын албанаас хөлөг онгоцуудыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Умард Солонгос өнгөрсөн сард анхны цэргийн тагнуулын хиймэл дагуул бүтээж дууссан тухайгаа мэдэгдсэн юм.
Түүнчлэн хиймэл дагуулаа төлөвлөсөн хугацаандаа хөөргөх бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ гэдгээ ч Умардын эрх баригчид мэдэгдсэн. Пёньян өмнө нь дөрвөн удаа яг ийм байдлаар зарлаж, заасан хугацаа бүрийнхээ 1-ээс 3 дахь өдрийн хооронд баллистик пуужин харваж байсан юм байна. Тухайлбал 2016 оны 2-р сард Умард Солонгос хиймэл дагуул тойрог замд оруулах нэрийн дор баллистик пуужин туршиж байсан юм.
Сэтгэгдэл (1)