Бороо шивэрсэн ийм өдрөөр дурсамжаа шүхэр шиг дэлгээд гэрийнхээ зүг алхлаа...
Өнгөрөх цаг
Нам гүмхэн бороо
Чив чимээгүй шивэрч
Чив чимээгүй уйлахад чинь
Чиний нүднээс би арчигдаж
Норсон биеийн хөндүүрт
Налсан өвс бөхийж
Налж суугаад өвдгийг минь шүргэхдээ
Намрын өвс шиг чичирснийг чинь мартаж...
Одоо цаг
Тэнд миний мартагдсан сэтгэл
Энд миний өмнөх хоосон зай
Бие минь биеэн гээсээр
Би хэдийнээ хоёр болж...
Ирэх цаг
Үлэмж гоё сайхны өмнө
Үлэмжийн гоо байхыг хүснэм
Харанхуйн чинад дахь гүн гэгээ шиг
Хачин намуухан гэрэлтэхийг хүснэм
Бүдэг инээмсэглэн чимээгүй мандаж
Бүлээн бороо шиг уйлахыг хүснэм
Бүхний сэтгэлд совин шиг санагдаж
Үүрийн өвс шиг зүүрмэглэхийг хүснэм
Үлэмж гоё сайхны өмнө...
Л.Өлзийтөгс "Сар жилүүд" хэмээх цуврал
***
Зам хөндлөн гарахдаа хүртэл мөрөөдөж явдгийг минь бусдад хэлэх гэж
Зуу зуун жил амьдраарай чи минь...
Ж.Оргил
***
Харанхуй цээжинд лаа асаадаг гэрэлт өдрүүдийг зүхнэм
Хамтдаа гуниглацгаадаг бүрхэг өдөр, бүрхэг өдрийг л хүснэм
Асгарсан бороо, алдарсан нулимс хөрс шороо мэт цээжинд минь шингэдэг
Аяа, тэр бүрхэг өдөр, бүрхэг тэнгэрт л хайртай би
Гэгээн сэрлийн асаасан лаа цоролзон бадрахад нэг л хэсэгтээ
Гэнэн тэнэгхэн, омог бардам, инээд алдан алхдаг
Гэнэт гунигийн салхинд навч хийсэж, сэтгэл дэрвэхэд лаа дөлж
Гэрэлгүй харанхуйн дунд унтраад урссан нулимс нь л халуунаараа царцан үлддэг.
Ай, лааны нулимс, лааны нулимс зүрхийг минь бүлээцүүлж чадахгүй
Асгарсан бороон дуслаас дотно юм энэ мөчид үгүй...
Харанхуй цээжинд гэрэл асаадаг нарт өдрүүдийг зүхнэм
Хамтдаа гуниглацгаадаг бүрхэг өдөр, бүрхэг өдрийг л хүснэм.
Б.Занданхүү
1.
Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтэй шувууд ганганах сайхан.
Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан.
Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан
Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан
Холоос гийчин ирэх сайхан.
Шаргал талын өвс халиурах нь сайхан
Шанхны үзүүрт салхи нь сэвэлзэх сайхан
Сартай шөнө бухал дээр унтах сайхан
Чамайг зүүдлээд газарт ойчих нь сайхан.
Үе үе бороо амcxийх нь сайхан
Өлгөсөн цувнаас ус дуслах нь сайхан
Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан
Үүдээр болжморууд нисэн өнгөрөх нь сайхан.
Шөнө дөл хүлэг морь янцгаах сайхан
Шүлэг нойрноос сэрж орчлонг бодох сайхан
Өрхний завсраар гэгээ орох сайхан
Өглөө болох сайхан...
Д.Нямсүрэн "Дөрвөн цаг"
***
Хамгийн сүүлд чамтай
Харц тулгарсан минь
Хаа ч билээ...
Хар нүд чинь
Халгисан булгийн ус шиг
Гүн рүүгээ гуниг нь улам яргасан
Танихгүй юм шиг харцаар удаан гэгч ширтсэн
Цэцгийн үндэс дэвтээж
Цэв хүйтэн бороо шиврээд л...
Хөдлөх ч дургүй уруулыг чинь
Хөхөртөл нь шавшсан...
Дэргэдүүр чинь би өнгөрөхдөө
Дэлхийгээр нэг хашгирмаар байсан ч
Болохгүй юм шиг бодолдоо хүлүүлчихээд
Бороо далимдуулж зөндөө уйлсан
Чи хэвээрээ л...
Цэвдэг хүйтэн, хөшөө мэт
Сүлбэх мэт харц чинь л амьтай
Сүүдэр мэт чимээгүй шаналантай
Шаналанг чинь цуучин
Шалбааг туучин алхалсан
Шалба норсон зүрх минь л хөөрхий...
Золгүй хайрыг минь чи
Зовлонд тэгж дасгасан
Уйлчихсан нүдтэй намайг бүү хэл
Уймраа орчлонг ч ер тоолгүй одсон
Чиний нүдийг
Уйтгарын эдлэнд сүүлчийн удаа ширтсэн минь
Урьд билүү, эсвэл...
Ц.Дэлгэрмаа