Сүхбаатар аймгийн Мөнххаан сум үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойг угтсан олон томоохон ажил өрнүүлж буйн нэг нь Монголын орчим цагийн хөгжмийн урлагийг үндэслэгч, алдарт гавьяат дууч Магсар Хурцын Дугаржавын 130 жилийн ойд зориулсан түүний уран бүтээлийн улсын уралдаан юм.
Хоёр үе шаттай зохион байгуулсан улсын уралдаанд 16 аймаг, таван дүүргийн 100 гаруй уран бүтээлч өрсөлдсөнөөс сүүлчийн шатанд шилдэг 25 уран бүтээлч ая дуугаа өргөв. Энэ уралдааны гранпри шагналыг Нийслэлийн Улаанбаатар театрын уран бүтээлч Т.Баянжаргал хүртлээ. Харин тэргүүн байрт Г.Отгонзул (Үндэсний урлагийн их театр), дэд байрт Ө.Батцэцэг (Монгол туургатан театр), гуравдугаар байрт Б.Бямбадорж (Үндэсний урлагийн их театр) нар орлоо.
Тус уралдааны ерөнхий шүүгчээр Монгол Улсын Консерваторийн Уран сайхны удирдагч,МУУГЗ,Профессор Ц.Пүрэвхүү, шүүгчээр МУАЖ Ц.Үенч, МУАЖ, Хүндэт профессор Д.Түвшинжаргал, МУГЖ Г.Хонгорзул, зочин шүүгчээр "М.Дугаржав" сангийн тэргүүн Ц.Магалжав, Нарийн бичгийн дарга, МУСТА Ц.Насанбат нар ажилласан байна.