НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы 2003 оны А/57/129 дүгээр тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэх болжээ. Манай улсад 2012 оноос Засгийн Газрын 140 дүгээр тогтоолын дагуу эл өдрийг уламжлал болгон тэмдэглэж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний болон Төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн 2002 оноос эхлэн 21 жилийн хугацаанд давхардсан тоогоор 21000 гаруй цэргийн алба хаагч 13 ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бол өнөөдөр дэлхийн 7 улс, мужид явагдаж буй НҮБ-ын мандаттай 9 ажиллагаанд 900 орчим цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө үүрэг гүйцэтгэж эхэлжээ.
Энхийг сахиулах ажиллагааг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 1948 оны тавдугаар сарын 29-ний өдөр баталсан мандатын үндсэн дээр Израиль Арабын хоорондын зэвсэгт мөргөлдөөнийг түр зогсоох, гэрээний хэрэгжилтийг хангах зорилготойгоор анх эхлүүлсэн түүхтэй. Өдгөө 75 жил болж буй энхийг сахиулах үйл ажиллагаа нийт 71 удаа явагдаж байгаа аж.
Энхийн манаанд алба хаасан эх орны, эх дэлхийн эрэлхэг дайчдадаа энэхүү баярт өдрийн мэнд дэвшүүлье!