Оросын дотоодын зах зээлд бензиний үнэ огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газар газрын тосны энэ бүтээгдэхүүний экспортыг хориглох асуудлыг хэлэлцэж байна гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Одоогоор хоригийн хугацаа, бусад нөхцөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй ч биржээр борлуулах доод хэмжээг өсөж магадгүй гэсэн байна.
Орост бензиний бөөний үнэ дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш өссөн байна. Энэ нь тус улсын Сангийн яам ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн дотоодын зах зээлд шатахууны үнийг барьсны хариуд төсвөөс дэмжлэг авдаг компаниудын нөхөн олговрыг хоёр дахин бууруулах шийдвэрээ дөрөвдүгээр сарын 28-нд зарласантай холбоотой. Нөхөн олговрыг бууруулснаар сар бүр 30 тэрбум рубль төсвөөс хэмнэх боломжтой гэж үзжээ. Гэтэл уг шийдвэр гарснаас хойш ганцхан сарын дотор бирж дээр худалдаалах АИ-95 бензиний тонн тутмын үнэ 14 хувиар өсөж, тавдугаар сарын эхээр ажиглалтын түүхэн дэх хамгийн дээд үнэд ойртсон байна. Үүнийг дагаад бензиний жижиглэнгийн үнэ ч нэмэгджээ.
ОХУ хоёрдугаар сарын 5-наас эхлэн Оросын газрын тосны бүтээгдэхүүнийг Европын холбоонд нийлүүлэхийг хориглосон. Үүнээс хойш бензиний экспортоо 50 хувиар нэмжээ. Тус улсын газрын тосны бүтээгдэхүүнийг ихэвчлэн Африкийн орнууд худалдан авдаг байна. 4-5 дугаар сард Оросын нефтийн компаниуд сард 200 мянган тонн бензин экспортолсон бол дотоодын зах зээлдээ сард 3 орчим тонныг борлуулжээ.