Засгийн Газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. Энэ онд багтаан хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Тэрбээр, "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд энэ онд 18 төсөл хэрэгжиж дуусах ёстой. Энэ төслүүд нь, Тавантолгой, Манлай, Ханги чиглэлийн авто зам, Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Зэлтэр чиглэлийн авто зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам, Хэнтий аймгийн нисэх буудлын шинэчлэл, Гашуунсухайт төмөр замын ачиж буулгах терминал, Чойбалсан ДЦС-ын өргөтгөл, Амгалан дулааны станцын өргөтгөл, Эрдэнэс Таван Толгойн ус хангамжийн систем, Ханги боомт дахь чингэлэг шилжүүлэх, ачих терминал, Хотын тээврийн шинэчлэл зэрэг төслүүд энэ ондоо багтаж дуусна гэж үзэж байна.
Үүнтэй зэрэгцээд “Сэлбэ сэргэлт” хэмээх шинэ төслийг энэ онд хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг энэ жил эхлүүлэх үүрэг, чиглэлийг Эрчим хүчний яаманд өгсөн. Хоёр удаагийн тендер амжилтгүй болж өнгөрсөн тул Тавантолгойн цахилгаан станцыг мөн олон улсын тендер зарлах чиглэл өгсөн. Үүнээс гадна Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн асуудал яригдаж, энэ хүрээнд гэрээ хэлцлийн ажлууд явагдаж байна. Өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод туссан төслүүдийг эрчимжүүлэх, хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлийн үүрэг даалгаврыг өглөө.
Сэтгэгдэл (1)