Засгийн Газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар улс орны эдийн засгийн байдлын талаар мэдээллээ.
Тэрбээр, “Өмнө нь урьдчилсан мэдээ тооцоогоор Монгол Улсын эдийн засаг нэгдүгээр улиралд 7.6 хувьд хүрч өслөө гэж танилцуулж байсан. Үндэсний статистикийн газраас энэ тоог дахин гаргахад Монгол Улсын эдийн засаг нэгдүгээр улиралд 7.9 хувиар өссөн байна. Өнөөдрийн байдлаар манай улсын валютын нөөц 3.8 тэрбум доллар байна. Үүнээс үзэхэд Монгол Улсын валютын нөөц тогтвортой, өсөж байгаа дүн харагдаж байна. Энэ нь эргээд валютын зах зээл тогтвортой байна гэдгийг харуулж байгаа юм.
Эдийн засгийн өсөлтөд гадаад ирэлт чухал нөлөөлжээ. Ингээд үзэхэд манай экспорт тасралтгүй өсөж байна. Нүүрс олборлолтын хэмжээ 3.3 дахин өссөн. Үүн дээр нэмээд зэстэй холбоотой нааштай мэдээлэл байгаа нь Оюу толгой ХХК төлөвлөж байснаасаа 43 хувь илүү хэмжээний үйлдвэрлэл хийжээ. Энэ нь манай улсын эдийн засгийг өсгөх таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Харин дотоодын ирэлт өөрчлөлтгүй байна. Манай валютын хэмжээ өсөх хандлагатай байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газар Монгол Улсын эдийн засгийг өсгөж, цар тахлын өмнөх хэмжээнд хүргэнэ гэдэг зорилт тавьсан. Гурван салбараас бусад нь цар тахлын өмнөх хэмжээндээ очсон. Цар тахлын өмнөх үеийн хэмжээнд очоогүй гурван салбар нь уул уурхай, тээвэр, барилга байна. Гэхдээ ойрын хугацаанд очих байх гэж харж байгаа. Эдийн засаг өссөн хэдий ч нэг салбар уналттай байгаа. Энэ бол хөдөө аж ахуй. Өвөлжилт амаргүй байсан, малын зүй бус хорогдол нэлээн өндөр, шинэ төлийн тоо бага байгаатай холбоотойгоор ХАА-н салбарын өсөлт -5.1 хувьтай байна" гэв.