*************************************************************************************************************************************************************
Энэтхэг улс "Их 20"-ийн бүлгийн уулзалтыг Гималайн Жамму, Кашмирын нутаг дэвсгэрт зохион байгуулах шийдвэрээ хамгаалсан байр сууриндаа бат зогсож байгаа гэж хэлж болно.
Жамму ба Кашмирын зуны нийслэл Сринагар энэ долоо хоногт "Их 20"-ийн гишүүдэд зориулсан аялал жуулчлалын уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэтхэгийн засгийн газар тус бүсийн соёл, ёс уламжлалыг харуулах худалдаа, үзвэр үйлчилгээг дэлгэнэ.
Энэ нь Энэтхэг улс 2019 онд тусгай статусаа цуцалж, хуучин мужаа холбооны хоёр нутаг дэвсгэр болгон хувааснаас хойш маргаантай, лалын шашинтнууд дийлэнх бүс нутагт зохион байгуулж буй анхны олон улсын хэмжээний уулзалт юм. Өмнө нь тус мужид харьяалагдаж байсан Ладак мужийг тусгаарласан гэдэг. Ладак бол Энэтхэг, Хятад хоёрын де-факто хил болох хяналтын шугамын дагуух маргаантай бүс нутаг юм.
Маргаан хурцдах төлөв ажиглагдав
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин “Маргаантай нутаг дэвсгэрт “Их 20”-ийн уулзалтыг зохион байгуулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, тус уулзалтад оролцохгүй" гэдгээ баасан гарагт мэдэгдэв. 2020 онд хоёр улсын хооронд үүссэн мөргөлдөөний улмаас Энэтхэгийн 20, Хятадын дөрвөн цэрэг амь үрэгдсэнээс хойш хоёр тал тус бүс нутагт олон мянган цэргээ байршуулсан байдаг. Ямартай ч тэд асуудлаа нэг тийш болгоогүй байгаа.
Л.Сайнаа