Франц улс өнгөрөгч 2022 онд 72 мянган га талбай бүхий ойг түймрийн уршигт алдсан нь сүүлийн 10 жилийн дунджаас зургаа дахин их тоон үзүүлэлт юм. Тус улс өнгөрсөн онд ойн хээрийн түймэртэй хүч хайрлалгүй тэмцсэн гашуун туршлагатай.
Тэгвэл Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон 2022 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Елисей ордонд гал сөнөөгчидтэй уулзах үеэр хэлсэн үгэндээ “Манай улс байгалийн зүй тогтоц тэдгээрийн биологийн хүчин зүйлсийг хангах, тэнцвэржүүлэх үүднээс 2030 гэхэд нийт ойн сангийнхаа 10 хувьд буюу нэг тэрбум модыг тарих болно” хэмээжээ.
Мөн тэрбээр агаарын чанарын нөөцийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах албаны бүтэц бүрэлдэхүүнийг бэхжүүлэх 2030 он хүртлэх бодлогыг танилцуулахын сацуу тус улсын гал сөнөөх байгууллагын санхүүжилтэд зориулж жил бүр 150 сая еврогийн төсөв төвлөрүүлэхээ мэдэгдсэн. Энэхүү санхүүжилтийн дийлэнх нь газар, уснаа явагч буюу “Canadair” онгоц авахад зарцуулагдах аж. Энэ нь ус зөөвөрлөж, түймэр унтраахад шалгарсан онгоц юм байна.
Манай улсын хувьд 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих зорилт тавьж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн нь саяхан. Тэгвэл Франц улс энэхүү аянг үргэлжлүүлэв үү? гэлтэй шийдвэрийг гаргасан бөгөөд тэдний гол зорилго нь мод тарихаас гадна үлдсэн ойгоо хэвээр авч үлдэх, нөхөн сэргээхэд чиглэгдэж буй тухай олон улсын хэвлэлүүд онцолжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)