АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден японы Хирошимад болох "Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор лхагва гарагт мордоно. Гэхдээ тэр АНУ-ын өрийн дээд хязгаарыг өсгөх асуудлаарх хэлэлцээг нэн яаравчлах шаардлагаас үүдэж Ази Номхон далайн бүс нутаг дахь айлчлалын хөтөлбөрөө цомхотгожээ.
Тухайлбал тэрбээр Австрали болон Папуа Шинэ Гвинейд хийх байсан айлчлалаа цуцалж, ням гарагт АНУ-д буцаж очихоор төлөвлөж байна. Байден бүгд найрамдахчууд давамгайлсан Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти болон Конгрессийн бусад удирдагчтай мягмар гарагт Цагаан ордонд уулзалт хийжээ. Бүгд найрамдахчууд Ерөнхийлөгч Байденийг зардлаа танахыг зөвшөөрөхгүй нөхцөлд өрийн таазыг өндөрсгөхийг зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байгаагаас үүдэн тэдний санал зөрөлдөөн шийдэгдэхгүй байгаа юм. АНУ зургадугаар сарын 01 гэхэд дефолт зарлаж болзошгүй тул Байден энэ талын хэлэлцээнд гол анхаарлаа хандуулж, тохиролцоонд хүрэх шийдвэр төгс байгаагаа мэдэгдэхийн хамтаар, дефолтыг хувилбар биш гэж хэлжээ. Улмаар Ерөнхийлөгч Байден “Долоогийн бүлгийн” дээд хэмжээний уулзалтыг дуусгангуут төлөвлөснөөсөө эрт нутаг буцах болсон байна. Үүнтэй холбоотойгоор “аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талт яриа хэлэлцээ” буюу КУАД бүлгийн дээд хэмжээний уулзалт Австралийн Сиднейд бус Японд болж магадгүй байна.
Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа, Австрали, АНУ, Энэтхэг, Японы удирдагчдын уулзалт Сиднейд болохгүй гэдгийг мэдээлжээ. Уулзалтыг энэ сарын 24-нд хийх товтой байсан юм. Оронд нь дөрвөн улсын удирдагчид “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын талбарт энэ амралтын өдрүүдэд Японд уулзаж болох юм гэж Австралийн Ерөнхий сайд мэдэгджээ.
Сэтгэгдэл (3)