Өнөөдөр "Олон улсын музейн өдөр"-ийг тохиож байна. 1977 онд соёлын солилцоонд музейн гүйцэтгэх үүргийг олон нийтэд илүү өргөн таниулах, нийгмийг хөгжүүлэхэд музей чухал ач холбогдолтой болохыг сурталчлах үүднээс жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр тэмдэглэж иржээ.
Манай улс Олон улсын музейн өдрийг 1998 оноос тэмдэглэж эхэлсэн юм. Харин 2003 онд ОУМЗ-ийн Монголын үндэсний хороо байгуулагдсанаас хойш өргөн хүрээг хамруулан нийгэмд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Соёлын яамнаас “Музей тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” олон улсын музейн өдрийг дэмжиж, Олон улсын музейн зөвлөлийн Үндэсний хороотой хамтран ажиллаж байна. Эл өдрүүдэд төрийн өмчийн 12 музейд 37, орон нутгийн өмчийн 22 музейд 117 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.