Пүрэвдашийн Золжаргалын анхны бүрэн хэмжээний уран сайхны киноны эхний трейлер цацагдлаа. 5 сарын 21-нд Каннын кино наадмын “Un Certain Regard” хэсэгт нээлтээ хийх “If Only I Could Hibernate” буюу "Баавгай болохсон" бүтээл нь наадмын албан ёсны шалгаруулалтад орж өрсөлдөж буй анхны монгол киноны гэдгээрээ дэлхий дахины анхаарлыг татаж байна. Тус трейлер гадаадын кино ертөнцийн мэдээ мэдээллийг хүргэдэг хамгийн нэр хүндтэй сайтуудын нэг болох Deadline.com сайтаар албан ёсоор цацагдлаа.
Та яг одоо трейлерийг үзэхийг хүсвэл ЭНД дарж орно уу.
"If Only I Could Hibernate" уран сайхны кино нь Улаанбаатар хотын гэр хорооллын дүүрэгт амьдардаг 15 настай өсвөр насны хүүгийн тухай өгүүлдэг. Физикийн асар их авьяастай, сайн сайхан ирээдүйд хүрэхийн тулд сайн боловсрол эзэмшихийг эрэлхийлж буй Монгол хүүгийн тухай өгүүлэх тус бүтээлд агаарын бохирдол, архидалт, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл гэх мэт өнөө үед тулгарч буй олон асуудлыг харуулж чаджээ.
“Баавгай Болохсон” нь найруулагч П.Золжаргалын анхны бүрэн хэмжээний кино төсөл бөгөөд 2017 онд “Талентс Токио” дээд шагнал, “Нэкст Мастерс Супорт” зохиол хөгжүүлэх тэтгэлэг хүртэж байсан. Мөн Торино Кино Лаб, Азийн Кино Академид сонгогдон төсөл хөгжүүлэлт хийж, Хонконг Азийн Кино маркет 2019, Локарно Олон Улсын наадмын Нээлттэй Хаалга Хаб 2019 хөтөлбөрт сонгогдон амжилттай оролцож байсан. Кино зохиолыг П.Золжаргал болон Б.Дөлгөөн нар бичжээ.