Ирэх сараас эхлэн Японд цахилгааны төлбөр нэмэгдэхээр болжээ. Энэ нь Японы засгийн газар эрчим хүчний томоохон компаниудаас тавьсан үнэ нэмэх хүсэлтийг баталсантай холбоотой байна.
Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуногийн мэдээлснээр, эрчим хүчний компаниудын үнэ тарифын өсөлт 14-42 хувьд хэлбэлзэх юм байна. “Түлшний үнэ болон бусад хүчин зүйлийг анхааралтай судалж үзсэний үндсэн дээр үнийг өсгөхөөр шийдвэрлэлээ” гэж Аж үйлдвэрийн сайд Нишимура Ясутоши мэдэгджээ. Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсний түвшин ч бас анхаарах ёстой асуудлуудын нэг болсныг Сайд дурдсан байна. Айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг нэмэхэд засгийн газрын шийдвэр шаардлагатай байдаг журамтай байна. Токиогийн эрчим хүчний компани зэрэг долоон компани Засгийн газраас төлбөрөө нэмэх зөвшөөрөл хүсч ханджээ. Дулааны цахилгаан үүсгүүрүүдэд ашигладаг байгалийн хийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор үр ашигтай ажиллагаа нь доголдсоныг эрчим хүчний компаниуд мэдэгддэг байна.
Цахилгааны үнийн дундаж өсөлт 15 хувиас эхлэх бөгөөд эрчим хүчний компани тус бүрээр харилцан адилгүй байх юм байна. Аж үйлдвэрийн яамны шийдвэр нэгэнт батлагдсан тул шинэ үнэ тарифыг ирэх 6-р сараас мөрдөх юм байна.
Цахилгааны төлбөр нэмэгдсэнээр үнийн өсөлтөд улам нэрмээс болох магадлалтай учир Японы төв банк ирэх зун зохицуулалт хийх үүднээс инфляцын байдлыг анхааралтай ажиглаж байна.
Сэтгэгдэл (2)