Өвөр Монголын залуу яруу найрагч Ө.Балжиннямын “Бүрэг дасал үгс” түүврээс хэн нэгний сэтгэлд дадсан мэдрэмжийг төрүүлэх таван шүлгийг онцлон хүргэж байна. Мөн өнөөдөр тус номын нээлт, яруу найргийн уншлага Volunteеr hub-д 19:00 цагаас болох юм.
***
Жигтэйхэн догдолсон ч бие биедээ
мэдэгдэхгүйг хичээн алхдаг
Жирийн бор өдрүүд яг л
чи бидний уулзалт шиг...
Шатаар өгсөх бүрийдээ
уруудаж яваагаа ойлгодог ч
Сайн явааг чинь л дуулах
гараас чинь атгах шиг.
Чамд зориулж өрсөн энэ чулуун тоглоом
Нааш эргэхэд чинь чавхдан үлээх
салхины аяыг даахгүй.
Цааш нь яаж амьдрах тухай
балархай төсөөлөл шиг
Чамд дурласан сэтгэлээ би
ойлгож нэг л чадахгүй.
***
Малын хашаанаас ааваа дагаад
Үдэш бүр гэр лүүгээ алхдаг сан.
Гэрэл, утаа хоёр нь
Жавар гэсгээж угтдаг сан.
Нэг л үдэш
Аав ганцаар буцаж,
Тэгээд олон жил өнгөрч...
Малын хашаанд намайг байна,
Удалгүй ирнэ гэж итгэсэн
Гэрэл, утаа хоёр хүйтнийг
Эцэхээ мэдэхгүй гэсгээсээр л...
***
Чамайг бодохоор л би
Будда болдог.
Бусад үед нь харин
Өөрийнхөөрөө байдаг.
Өглөө болгон энэ ертөнцтэй яаж
Нүүр тулахаа мэдэхгүй сэрдэг.
***
Шаналал минь
Цонх даган
Ус урсах мэт энгийн...
***
Уучлаарай гэж хэлж амжаагүй явахад л
Уруудаад дуусчих энэ богинохон гудамд
бороон дундуур
Гараа халаасалж, цүнхээ мөрөвчлөн алхахуйд
Машин бүрээс бултах газаргүй, гутал руугаа
ус цацуулах мэт
Магад хайрласан эсвэл эндүүрснээ үл мэдэх,
хэн нэгний тухай дурсамж
Манантай ийм өглөө бодол руу үе үе цутгална.
Ирээд буцсан олон олон оюутан залуусын
Инээд хөөрөөс илүүтэй
уйтгар гунигийг нь хуваалцсан
Ээж шиг нь эсвэл дотнын нэгэн шиг нь үглэх
цайнаы газрын эгчийн
Энгийн хэр нь сэтгэлд нэг л дулаахан
үгс мэт бороо
Их сургуулийн баруун гудамд өнөөдөр
Эсгий бүрээстэй сэтгэл дээр зүсэрнэ.
Халти тааралдсан хэн нэгэнтэй
Хамт үзүүрт нь гарахад л дасаад амжчих
энэ богинохон гудамд
Хайхрамжгүй ширүүн алхвал мартагдаж мэдэх
хачин эмзэг ийм өдрүүдийг
Хаа нэгтээ над шиг нэгэн хайрлаж эсвэл
дурсаж яваа даа гэж бодохоор
Хархан гөлөглөж амжаагүй
хоёр захын моддод нь
Хамаг найдвараа шивнэчхээд
буцаад алхмаар санагдана.
М.Дэвээ