Энхтайван, аюулгүй байдлыг сахиулах гол зорилготой НҮБ-ын Ерөнхий Ассамблей 72/130 тоот тогтоолоороо 5-р сарын 16-ны өдрийг энх тайвнаар хамтдаа амьдрах өдөр болгон зарлажээ. Ингэхдээ энх тайван, хүлээцтэй байдал, оролцоо, ойлголцол, эв нэгдлийг дэмжихэд олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг тогтмол дайчлах арга хэрэгсэл болгожээ. Энэхүү өдөр нь энх тайван, эв нэгдэл, эв найрамдлын тогтвортой байдлыг бий болгохын тулд ялгаатай олон талт байдлын хувьд нэгдэж, хамтдаа амьдрах, хийж бүтээх хүслийг дэмжих зорилготой юм.
Хамтдаа энх тайван амьдрах нь янз бүрийн ялгааг хүлээн зөвшөөрөх, бусдыг сонсох, таньж ойлгох, хүндэтгэх, үнэлэх чадвартай болохын зэрэгцээ эв нэгдэлтэй амьдрах явдал юм гэж тодорхойлсон байдаг.
Энэ өдөр улс орнуудыг эвлэрүүлэх үйл ажиллагаа, үйлчлэлээр дамжуулан, хувь хүмүүсийн уучлал, энэрэн нигүүлслийг дэмжих замаар олон нийт, шашны удирдагчид болон бусад холбогдох хүмүүстэй хамтран ажиллаж, энх тайван, тогтвортой хөгжлийг хангахад туслахын тулд эвлэрлийг чухалчлахыг уриалдаг байна.
Дэлхийн 2-р дайны дараа 1945 онд хойч үеэ дайны гамшгаас аврах зорилгоор НҮБ байгуулагдсан. Үүний гол зорилго нь арьс өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр ялгаварлахгүйгээр хүн бүрийн эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх, дэмжих замаар олон улсын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх олон улсын хамтын ажиллагаанд хүрэх явдал билээ.
1999 онд Ерөнхий Ассамблей 53/243 тоот тогтоолоор энх тайвны соёлыг сурталчлах олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа НҮБ-ын тогтолцооны нийтлэг чиг үүрэг болох Энх тайвны соёлын тухай тунхаг, бүх хүн төрөлхтөнд, тэр дундаа ирээдүй хойч үедээ ашиг тусаа өгөх хүчирхийлэлгүй байх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан юм. Энэхүү тунхаг нь ЮНЕСКО-ын Үндсэн хуульд агуулагдаж байсан "Дайн хүний оюун санаанаас үүдэлтэй тул энх тайвны хамгаалалтыг хүн төрөлхтний оюун ухаанд бий болгох ёстой" гэсэн урт удаан хугацаанд хадгалагдаж ирсэн, эрхэмлэн дээдэлдэг үзэл баримтлалын үр дүнд бий болсон ажээ. Энэхүү тунхаглалд “энх тайван гэдэг нь зөвхөн мөргөлдөөнгүй байх төдийгүй харилцан ойлголцол, хамтын ажиллагааны үндсэн дээр яриа хэлэлцээг дэмжиж, зөрчилдөөнийг шийдвэрлэх эерэг, идэвхтэй оролцооны үйл явцыг шаарддаг” гэсэн зарчмыг тусгажээ.