“Орфей” театрынхан ирэх зургадугаар сараас “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж, эл төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг хүргэхээр болсон. Ирэх зургадугаар сарын 2-ноос “Улаанбаатар” зочид буудалд тоглох тус жүжгийн эртэч тасалбар худалдаанд гарчээ.
Жүжгийн тасалбар 80, 120, 140 мянган төгрөгийн үнэтэй бол эртэч тасалбар нь 20 хувийн хөнгөлөлттэй аж.
"Шөнө дундын бүжиг" жүжгийн ерөнхий продюсероор Ж.Билгүүн, Т.Ариунчимэг, ерөнхий найруулагчаар “Гэгээн Муза” олон улсын театрын наадам, оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг тодруулдаг “Мөнгөн мод” наадмын шилдэг найруулагч М.Батболд ажиллаж буй бол гол дүрүүдэд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, жүжигчин Т.Сэргэлэн, С.Батзориг, Д.Асардарь, Н.Нархажид нар тоглох юм.