ЮНЕСКО-ын Ерөнхий бага хурлын 39 дүгээр чуулганаар Олон улсын гэрлийн өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 16-ны өдөр тэмдэглэх тухай шийдвэрийг анх баталсан билээ. Энэхүү өдрийг тэмдэглэх зорилго нь шинжлэх ухаан, технологи, соёл, харилцаа холбооны салбарын хөгжилд төдийгүй бидний өдөр тутмын амьдралд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг гэрлийн ач холбогдлыг дэлхийн нийтэд сурталчлан таниулахад оршино.
Юнеско-ын ерөнхий захирал Одри Азулэй эл өдрийн талаар “Гэрэл нь гамма туяа болон радио долгион, цаашлаад дэлхийн гарал үүсэл болон бидний нийгмийг бүтээн байгуулсан aнагаах ухаан, хөдөө аж ахуй, эрчим хүч, соёлын өвийн хамгаалал зэрэг олон салбарын технологийг хамруулсан өргөн хүрээтэй ойлголт юм. Цаашлаад урлаг, уран зохиол, хүн төрөлхтний сэтгэхүйд чухал нөлөө үзүүлсэн. Гэрэл ба соёлын хоорондох холбоог судлах нь шинжлэх ухаан, урлаг, хүмүүний хоорондын харилцан үйлчлэлийн талаар үнэт ойлголтыг өгч, соёлын өвийг ойлгон үнэлэхэд илүү тус дөхөм болдог.
Гэрлийг судалснаар залуучуудын шинжлэх ухааны боловсрол сайжирч, тэдний бизнесийн сэтгэлгээ хөгждөг. Мөн түүнчлэн гэрэл нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Гэрэл болон эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх нь хөгжиж буй орнуудын амьдралын чанарыг дээшлүүлж, дэлхийн иргэдийг шилэн кабелийн интернетээр холбож байна. Эдгээр сүлжээнүүд нь энх тайван, шударга ёс, өндөр чадамж бүхий хууль эрх зүйн байгууллагуудын хариуцлагатай байдлыг дэмждэг” хэмээн онцолжээ.
Гэрэл нь энергийн нэг хэлбэр юм. Абсолют тэг хэмээс дээш температурд байгаа ямар нэгэн биет гэрэл цацруулдаг. Гэрлийг мөн "цахилгаан соронзон цацрал" гэдэг. Гэрлийг маш жижигхэн фотон гэдэг эгэл биет бүрдүүлдэг байна. Шулуун чиглэлд хөдөлдөг бөгөөд хэрэв замд нь саад таарвал сүүдэр үүсгэдэг. Ихэнх хатуу биет харанхуй сүүдэр үүсгэдэг бол арай тунгалаг биетийн сүүдэр нь бага зэргийн харанхуй байдаг. Гэрлийн өнгө бүр өөр өөр долгионы урттай байдаг. Долгионы урт нь богино байх тусам агуулах энергийн хэмжээ их байдаг. Энергийн хэмжээнээс үл хамааран гэрэл ижил хурдтай тархдаг байна. Тэгвэл гэрлийн хурд нь секундэд 300,000 км байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийгээс сар хүртэл гэрэл ойролцоогоор нэг секунд аялдаг ажээ.