Хатагтай Капулетти, СТА, жүжигчин Г.Отгонцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр АНУ-аас ирээд удаагүй байгаа ч ирснээсээ хойш шинэ уран бүтээлүүдэд зогсолтгүй ажилласаар байгаа аж. Тухайлбал, “Ромео Жульетта” жүжгийн Хатагтай Капулетти, “Сычуаны сайн хүн” жүжгийн Хатагтай Шин гэх бүсгүйн дүрд тоглосон билээ. Бид түүнтэй сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцсан юм.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та “Ромео Жульетта” жүжгийн хатагтай Капулеттийн дүрд тоглож буй. Энэ дүрийн тухай яриагаа эхэлье.
-“Ромео Жульетта” хэмээх жүжгийн Хатагтай Капулеттийн дүрд буюу Жульеттагийн ээжийн дүрд тоглож байгаа. Хүйтэн хөндий ээжийн дүр л дээ. Гэсэн ч охиноо сайн сайхан амьдраасай хэмээн амьдралынх нь төлөө сэтгэл гаргаж хандаж буй ээжийн дүр юм. Амьдралд олон төрлийн ээжүүд бий. Эх хүний хайр халамжийн тухайд би Хатагтай Капулеттэй санал нийлэхгүй. Жүжиг үзсэн хүмүүс маань Хатагтай Капулетийг ямар ээж, эх хүн байна вэ гэдгийг тунгаасан биз ээ.
-Та АНУ-аас ирээд удаагүй шүү дээ. Богино хугацаанд дүр дээрээ хэрхэн ажилласан бэ?
-Миний хувьд Хатагтай Капулеттийн дүрд нөхөж орсон. Намайг АНУ-д суралцаж байх хугацаанд аль хэдийн 150 удаа тоглочихсон байсан.
Ирээд жүжгийн сургуулилтын үед найруулагч маань “Энэ бол хүүхдийн жүжиг шүү” гэж хэлж байсан нь хамгийн онцгой санагдсан.
Найруулагч энэ жүжгийн хайр дурлалын сэдвийг хөндөхдөө өсвөр насны хүүхдүүдэд хандаж тавьсан. Тиймдээ ч өөрийн тоглох арга барилдаа анхаарсан. Хүүхдэд тааруулан жүжиглэж байна уу гэвэл үгүй л дээ.
-Нэг дүрд өөр өөр жүжигчин тоглох нь тухайн дүрийн мөн чанарыг өөрчилж байж болох уу?
-Бололгүй яах вэ. Энэ дүрд өөр жүжигчид тоглож байсан. Жүжигчин болгон ямар нэг дүр дээр ажиллаа гэхэд өөр өөрийн гэсэн онцлогоос шалтгаалаад тэр дүр өөр болж гардаг. Мэдээж хэрэг, зохиолчийн үндсэн санаа, дүрийн өгөгдөл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Харин мөн чанар нь өөрчлөгдөж байдаг.
-“Ромео Жульетта” жүжгийн энэ удаагийн тавилтын онцлогийг та юу гэж харж байна вэ?
-Аливаа уран бүтээлийг тавихад найруулагч ямар өнцгөөс хийхийг хүсэж байна, үзэгчдэд ямар өнцгөөр харуулахыг хүсэж байна гэдгээс шалтгаалаад тавилт бүр онцлогтой байдаг.
Энэ жүжиг орчин үеийн хөгжим, хэмнэлтэй. Мөн хийсвэр маягийн байгаа нь үлгэрийн хэв маягийг оруулж ирсэн.
-Монголдоо ирээд шууд театртаа ажиллаж эхэлсэн үү? Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?
-АНУ-аас ирээд театртаа ороод жил гаран болж байна. Энэ хугацаанд зогсоо зайгүй л уран бүтээлүүд дээр ажиллаж байна. Радиод жүжиг бичүүллээ. “Миний аав супер баатар” хүүхдийн жүжигт ажилласан. Мөн “Сычуаны сайн хүн” жүжгийн Хатагтай Шин гэх бүсгүйн дүрд ажилласан.
Театр маань зогсолтгүй маш олон уран бүтээл хийж байгаа учир тэр болгон дээр ажиллаж байна даа. Удахгүй тавигдах “Би эндээс явахгүй” жүжгийн шинэ дүрийг аваад бэлтгэлдээ орчихсон явж байна.
Кино, уран бүтээлийн санал их ирж байгаа боловч тэр болгонд оролцох боломж хомс байгаа. Учир гэвэл сүүлийн үед өөрийн хувийн амьдралд цаг заваа зарцуулахыг хичээж байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.