Монголын отгон Жульетта, залуу жүжигчин Т.Анхзултай ярилцлаа. Тэрбээр 20 насандаа аугаа хайрын тухай өгүүлэх "Ромео Жульетта" сонгодог жүжгийн гол дүрийг бүтээж, театрын урлагт салхи хагалаад буй. Өнөөдөр уг жүжиг найруулагч Н.Наранбаатрын найруулгаар 160 дахь удаагаа тоглогдох юм.
-Ярилцлагын эхэнд уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Т.Анхзул гэдэг. СУИС-ийг 2020 онд төгсөнгүүтээ УДЭТ-т ажилд орсон бөгөөд театрт хоёр жил дагалдан жүжигчнээр ажиллаад өнгөрсөн жилээс үндсэн жүжигчин болсон. Өнөөдрөөс жүжиг маань дахин тоглогдох гээд сэтгэл догдолж байна.
-УДЭТ-т ажиллах болсон тухайд?
-Драмын театр бол миний хүүхэд насны мөрөөдөл. Бага байхын жүжиг үзэх дуртай байсан. Анх удаа жүжиг үзэхэд театр үлгэрийн мэт мөрөөдлийн газар шиг санагдаж билээ. Тэгээд энд ажиллах юмсан гэж мөрөөдсөөр байгаад ажилд орсон доо.
-Жульетта бол эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдлийн дүр. Энэ дүрийг 20 насандаа амилуулна гэдэг маш том хариуцлага шиг?
-Тэгэлгүй яах вэ. Дөнгөж 20-тойдоо Жульеттагийн дүрд тоглосон нь миний хувьд аз завшаантай зүйл. Энэ насанд сонгодог жүжгийн гол дүрийг авна гэдэг залуу уран бүтээлчийн хувьд хариуцлага, бас аз юм. Тиймээс энэ азыг эвтэйхэн ашиглахыг хичээж байгаа.
Жүжгийн гол дүр гэдэг жүжгийнхээ гол шугамыг барьж явдаг хүн юм байна. Жүжгийн ноён нуруу нь надаас шалтгаалах юм шиг. Би муу байвал жүжиг тэр хэрээр муу тавигдах гээд байгаа мэт санагддаг. Тиймээс аль болох хамгийн сайнаараа хичээж байна даа.
-Хамтран тоглож буй уран бүтээлчдийнхээ ур чадвараас хэрхэн суралцаж байна?
-Хамтран тоглож байгаа уран бүтээлчид маань надад түшиг тулгуур болж байгаа. Гол дүрд анх удаа тоглож байгаагийн зэрэгцээ анх удаа энэ их тайзанд голд дүрийн жүжигчний хувиар гарч байгаа тул хамтран тоглож буй туршлагатай хүмүүсийн дэмжлэг их хэрэг болох юм билээ. Туршлагатай хүмүүсээс суралцах үедээ хөлд нь чирэгдчихгүй байхыг аль болох хичээж явна. Мундаг уран бүтээлчидтэй нэг уран бүтээлд тоглохоор цаанаа өөр юм. Ромеод тоглож байгаа Б.Шинэбаатар ах өмнө нь 100 гаруй удаа тоглочихсон, туршлагатай жүжигчин. Өөр олон гол дүрд тоглож байсан маш мундаг жүжигчин. Тиймээс хамтран тоглоход маш түшигтэй байгаа.
-Таны хувьд “Ромео Жульетта”, “Мэлхий гүнж” зэрэг тайзны уран бүтээлүүдэд оролцож байна. Харин дэлгэцийн уран бүтээлд ажиллаж байгаа юу?
-Театрт ачаалал их байдаг болохоор театраас гадуур уран бүтээлд оролцох цаг зав хом байдаг. Энэ зунаас төлөвлөсөн дэлгэцийн уран бүтээл бий. Залуу байгаа дээрээ аль алийг нь амжуулах юмсан гэж хичээх юм.
-“Ромео Жульетта” жүжиг өнөөдөр 160 дахь удаагаа тоглогдох гэж байна. Энэ удаагийн тоглолтын онцлогоос дэлгэхгүй юу?
-“Ромео Жульетта” жүжиг энэ удаа шинэчлэгдэн тавигдаж байгаагаараа нэг онцлогтой. Мөн жүжигчдийн застав өөрчлөгдсөн. Театрт ирээд үзэх боломжтой. Тухайлбал, нийт жүжигчдийн 70 хувь нь шинэ жүжигчин байгаа. Тиймээс өмнө нь үзсэн хүмүүс ч гэсэн дахин ирж үзээд жүжигчдийн шинэ бүрэлдэхүүнийг сонжих боломж бий.
-Өнөөдөр дахин тайз дүүрэн үзэгчидтэй уулзах гэж байна. Жүжигчин хүний хамгийн том урам зориг үзэгчдийн алга ташилтаас ундардаг гэх нь бий. Харин таны хувьд?
-Тийм ээ. Би анх удаа гол дүрд тоглож байгаа учраас миний хувьд үзэгчдээс авах алга ташилт, урам гэдэг үнэхээр сайхан байдаг. Жүжгийн хөшиг дөнгөж нээгдэхэд их сандарна. Харин хөшиг хаагдан үзэгчид алга таших тэр мөчид их урам авдаг даа.
Театр бол амьд мэдрэмжийг өгдөг ариун сүм. Тиймээс та бүхэн жүжгээ ирж үзээрэй гэж хэлмээр байна. Мөн намайг энэ гайхалтай жүжигт дэмжиж оролцуулж байгаа театрынхаа ах эгч, удирдлагууддаа баярлалаа. Мөн надад энэ том боломжийг олгосон Н.Наранбаатар багшдаа талархаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Сэтгэгдэл (5)