Худалдаа, хөгжлийн банкны төлөөлөл Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулагдсан Экспортын санхүүжилтийн арга хэмжээнд оролцлоо. Тус арга хэмжээнд нийт 16 улсын банк болон аж ахуй нэгжүүд оролцсон юм. Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын Экспортын зээлийн агентлагуудын төлөөллүүд оролцлоо. Арга хэмжээгээр Герман, Австри, Франц, Швед, Дани зэрэг Европын холбооны улсуудын Экспортын зээлийн агентлагуудын урт хугацаатай санхүүжилтийн нөхцөл, шаардлага, сүүлийн үеийн чиг хандлагыг талаар мэдээлэл солилцсон юм. Түүнчлэн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа болон Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ)-ын экспортыг дэмжих нэгдсэн зөвшилцлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны цар хүрээгээ хэлэлцлээ.
Худалдаа, хөгжлийн банк нь дэлхийн тэргүүлэгч олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Тэр дундаа ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын Экспортын зээлийн агентлагуудын даатгал, баталгаатай 5-10 жилийн урт хугацаатай зээл, 2 хүртэлх жилийн хугацаатай худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнүүдийг гадаа худалдаа, экспорт, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, өндөр дүнтэй техник, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгө оруулалтын шинж чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ импортолж буй харилцагчдад санал болгон ажиллаж байна.
Экспортын зээлийн агентлагууд нь гадаад улсын эрсдэлийг даатгах замаар тухайн улсын гадаад худалдаа болон гадаад хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор Засгийн Газрын дэмжлэгтэй байгуулагдсан агентлагууд юм. Худалдаа, хөгжлийн банк нь нийт арилжааны гэрээний үнийн дүнгийн 85% болон тус гэрээтэй холбоотой гарах төрөл бүрийн гаалийн татвар, тээвэрлэлт болон суурилалтын зардлын 50% хүртэлх хэсгийг урт хугацаатай зээл, үлдсэн 15%-ийг богино хугацаатай арилжааны зээлээр санхүүжүүлэх боломжтой юм.
Худалдаа, хөгжлийн банк нь нийт 300 гаруй гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай корреспондент харилцаатай бөгөөд харилцагчдадаа худалдааны санхүүжилт, гадаад төлбөр тооцоо болон импортын санхүүжилтийн төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдийг мэргэжлийн өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.
ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК