**************************************************************************************************************************************************************
Манхэттений холбооны тангарагтны шүүх Дональд Трампыг 1996 оны хавар тансаг зэрэглэлийн их дэлгүүрийн хувцас солих өрөөнд Э.Жин Кэрролд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн болохыг тогтоож, таван сая долларын нөхөн төлбөр гаргуулахаар болжээ.
Кэррол Трампыг "Бергдорф Гудман" их дэлгүүрт өөрийг нь хүчиндсэн гэж буруутгасан боловч Трамп эрс эсэргүүцсэн байдаг. Улмаар түүний нэхэмжлэлийг үгүйсгэж, "өөрт нь тохирох эмэгтэй биш" гэж хэлээд, номынхоо борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд хуурамч түүх зохиосон гэж түүнийг гүтгэсэн түүхтэй. Тангарагтны шүүхээс Трампыг буруутай гэж үзсэн ч ял үүрэхгүй гэж CNN агентлаг мэдээлэв.
Кэррол өнгөрсөн арваннэгдүгээр сард “New York State Adult Survivors Act” хэмээх хуулийн дагуу нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нь Кэррол шиг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэргүүдэд эргэн харах цонхыг нээж, хөөн хэлэлцэх хугацааг уртасгах боломжийг нээсэн хэрэг байв. Трамп шүүх хуралд оролцоогүй. Иргэний хэргийн аль нэг хариуцагчийн нэгэн адил шүүх хурал болон аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагагүй, өөрийгөө өмгөөлөх мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учир нь энэ юм.
Кэррол шүүхийн шийдвэрийг түүний болон бусад хүчирхийллийн хохирогчдын ялалт гэж нэрлэжээ. Тэрбээр мэдэгдэлдээ "Би нэрээ цэвэрлэж, амьдралаа эргүүлэн авахын тулд Доналд Трампын эсрэг энэ нэхэмжлэлийг гаргасан. Өнөөдөр дэлхий нийт эцэстээ үнэнийг мэдэж байна. Энэ ялалт нь зөвхөн минийх биш, харин өөрт нь итгээгүйгээс болж зовж шаналсан эмэгтэй хүн бүрийн хувьд ялалт юм" гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)