БАРИМТ 1
Тэрбээр 1998 оны 12 дугаар сарын 28-нд мэндэлжээ.
БАРИМТ 2
Багаасаа эмээ, өвөөтэй хамт өссөн Л.Энхрийлэн 2011 оноос хойш Ц.Шийрэв багшийн удирдлагад жүдо бөхөөр барилдаж буй.
БАРИМТ 3
Багаасаа бөхөд хорхойтой, жүдогоор барилдах сонирхолтой байсан ч эмээ нь анхандаа эрс дургүйцсэн гэнэ. Сав л хийвэл жүдогийн бэлтгэлийн танхим руу дэгдчихдэг охиноо өрөвдөөд ч тэр үү, гэнэт нэг өдөр бэлтгэл хийхийг зөвшөөрч, Ц.Шийрэв багшид шавь оруулжээ.
БАРИМТ 4
Л.Энхрийлэнг эмээ нь хамгийн их дэмждэг.
БАРИМТ 5
Л.Энхрийлэнгийн талаар Ц.Шийрэв багш “Хөөрхөн ааштай, хөдөлмөрч. Хүний үгнээс зөрнө гэж үгүй. Нэг удаа суниа гэсэн бол яг л хэлсний дагуу гүйцэтгэнэ. Бусдад тусархаг. Бэлтгэл дээр зөвхөн өөрөө юм суръя гэх бус бусдад мэдүүлэхийг хичээдэг. Д.Сумъяаг залгамжилж яваа шавиараа бахархаж байна. Шавьдаа жүдогоор барилдсан эхний жил нь дан техник заасан. Багаасаа амьдралын хатуу, хүтүүг үзчихсэн, тэвчээртэй. Авьяасыг хөдөлмөрөөр тордоод байхад амжилтад хүрнэ гэдэгт итгэдэг. 16 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль хүртэхэд хэчнээн их баярласан гэж санана. Шавийн минь нас залуу, амжилт нь бүр ч залуу. Шавиа амжилтад хүргээд эмээг нь баярлуулчих юм сан гэж хичээж явдаг” хэмээн ярьж байв.
БАРИМТ 6
Түүний өвөө 2006 онд бурхан болжээ Арайхийж жүдоч болохыг эмээгээрээ зөвшөөрүүлтэл кимоно худалдан авах мөнгө байсангүй. Эмээгийнхээ тэтгэврийн мөнгөнөөс илүүчилж байгаад өмсгөл аван, магнайгаа хагартал баярлаж байсан маань санаанаас нь ер гардаггүй гэнэ.
БАРИМТ 7
Тэр үед “Монгени” цогцолбор сургуулийн захирал Н.Лхагва, анги даасан багш Пүрэвдулам нар нь их дэмжиж, тусалдаг байсан.
БАРИМТ 8
Жүдогоор хичээллэж эхэлснээсээ хойш зургаан сарын дараа Улаанбаатар хотын АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, анхны амжилтаа гаргасан байдаг.
БАРИМТ 9
Бэлтгэл хийчихээд гэртээ ирэнгүүтээ өмсгөлөө угаана, индүүднэ. Анхандаа бэлтгэл, хичээл хоёроо зохицуулах түүнд амар байгаагүй. Бэлтгэл, тэмцээнтэй давхацсан үед хичээлээсээ чөлөө авна, заримдаа яалт ч үгүй сууж амжихүй байх энүүхэнд байв.
БАРИМТ 10
Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын харьяат Л.Энхрийлэн 2013 оны “Боржин кап”-д өрсөлдсөнөө дурсах дуртай. Учир нь тус тэмцээнээс анхны түрүүгээ хүртсэн юм. Тэгэхдээ бүр нэг бус хоёр алтан медаль авсан нь түүний сэтгэлд их тод үлдэж. Тэрбээр тэмцээний эхний өдөр өсвөр үеийн ангилалд, маргааш нь залуучуудынхад эгч нартайгаа хүч сорин, түрүүлжээ.
БАРИМТ 11
Л.Энхрийлэн “Зөв сэтгэлтэй, бодолтой явбал зөв замаар л явна. Зөв бүхэн хүнийг зөв чигт хөтөлнө” гэж хэлэх дуртай гэнэ.
БАРИМТ 12
Бөхийн хорхойтнууд түүнийг монгол жүдочдоос Д.Сумъяатай хамгийн эн тэнцүү, сайн барилдаж байгаа нь гэж үнэлдэг.
БАРИМТ 13
Л.Энхрийлэн анх “Чингис хаан” гран прид 17 насандаа түрүүлж, шуугиулж байв. Түүнээс хойш нутагтаа Улаанбаатар Их дуулга тэмцээн зохиогдоход мөн л алтан медаль хүртэж байв.
БАРИМТ 14
Тэрбээр 16-хан насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль хүртэж байлаа. Түүний жинд МУГТ, Хөдөлмөрийн баатар, Олимпын наадмын мөнгөн медальт Д.Сумъяа хүч үзсэн.
БАРИМТ 15
Тэрбээр 2017 онд болсон Д.Цэрэнханд гавьяатад хүндэтгэл үзүүлэх барилдаанд залуу жүдочдоо төлөөлөн өрсөлдсөн нь цөөнгүй жилийн өмнөөс олны анхааралд өртөж эхэлснийх нь илрэл болов уу. Мэдээж Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтнуудын багийн 57 кг-д Д.Сумъяа өрсөлдсөн. Л.Энхрийлэн Хөдөлмөрийн баатартай хоёр дахь удаагаа учраа таарсан нь тэр. Үзэгчдийг суудлаас өндөлзүүлэн, чамгүй сайн барилдсаар цаг сунгасан ч Д.Сумъяагаас яалт ч үгүй туршлага, ур чадвар дутан дийлдсэн.
БАРИМТ 16
Тэрбээр өмнө нь буюу 2016 оны насанд хүрэгчдийн УАШТ-д дийлдэхдээ мөн цаг сунгасан хүнд барилдаан хийж ялагдсаныг бөхийн хорхойтнууд сайн мэднэ. Тэрбээр Д.Сумъяатай нэг жинд өрсөлдөж яваадаа олзуурхаж явдаг гэнэ.
БАРИМТ 17
Түүний өнөөдрийн амжилтад чухал зөвлөгөө өгдөг хүн бол Д.Сумъяа гавьяат билээ.
БАРИМТ 18
Тамирчны хамгийн том дайсан болох бэртэл, гэмтэл түүнийг ч бас тойроогүй. Тэрбээр 2016 оны сүүлээр БНХАУ-д болсон Чиндаогийн гран прид зодоглож байхад өвдөг нь бэртсэн. Барилдааны эхний үед хөл нь бэртсэн ч шүд зуун өрсөлдсөөр барилдаанаа дуусгажээ. Тэрбээр бэртлийн улмаас 2017 оны УАШТ-ийг өнжсөн. Улмаар дөрвөн сар гаруйн хугацаанд эрчимтэй эмчилгээ хийлгэн, эмчлүүлсний ачаар гуравдугаар сард Германд болсон гран прид зодогложээ.
БАРИМТ 19
Хөл нь бэртэх мөчид түүнд юу бодогдсон талаар “Хөл яг тасарч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Өө, тэр хооронд юм юм л бодогддог юм билээ. Хамгийн түрүүнд Түвшээ ах Лондоны олимпод аваргын төлөө барилдсан барилдаан хамгийн бодогдсон. Босож ч чадахгүй, уйлсаар эмчээр үүрүүлээд дэвжээнээс буух хамгийн хүнд байсан. Тэргэнцэр дээр суун, хүнээр түрүүлээд эх орондоо ирснийхээ дараа эрүүл байх л хамгийн чухал, юу ч хийж чадах юм байна гэдгийг ухаарсан. Тиймээс бэлтгэл дээр бүхнээ дайчилдаг, одоо л хичээж, боломжоо ашиглахгүй бол болохгүй гэж өөрийгөө хурцалдаг” гэж ярьж байлаа.
БАРИМТ 20
Тэрбээр анх удаагаа 2017 онд насанд хүрэгчдийн ДАШТ-д Д.Сумъяатай хамт 57 кг-д өрсөлдөхдөө эхний тойрогт Казахстаны А.Казьюлинаг дийлсэн ч удаах даваанд ДАШТ-ий мөнгөн медальт, Японы жүдоч Ё.Цүкасад дийлдэж, үзэгчийн суудалд шилжсэн.Д.Сумъяа өмнө нь гурван удаа дийлдсэн, ДАШТ-д 16 минут барилдан байж ялсан тийм лут бөхөд өвдөг шороодсон болохоор сэтгэл хангалуун ялагдал байжээ.
БАРИМТ 21
Л.Энхрийлэн 2026 онд жүдо бөхийн -63 кг-ын жинд Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Казахстаны Гранд Сламд алтан медаль хүртсэн. Мөн Парис болон Душанбе хотын Гранд Слам тэмцээнээс мөнгөн медаль, 2026 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн 2026 оны Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилттай.
БАРИМТ 22
Тэрбээр хоёр өөр жинд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны жүдоч болж байна.
БАРИМТ 23
2023 онд МУГТ цолоор шагнуулсан.
БАРИМТ 24
2025 онд Абу Дабигийн Гранд Слам болон Циндаогийн Гран Пригээс мөнгөн медаль, Казахстаны Гранд Сламаас хүрэл медаль хүртэж байв. 2024 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Душанбе хотын Гранд Сламаас хүрэл медаль хүртсэнээс гадна Парисын олимпын наадамд долдугаар байр эзэлж, ДАШТ-д тавдугаар байрт шалгарсан. Үүнээс өмнө 2022 онд Улаанбаатарын Гранд Сламд түрүүлж, 2021 онд Абу Дабигийн Гранд Сламаас хүрэл медаль хүртсэн. Мөн залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль, 2018 оны Дюссельдорфын Гранд Сламаас хүрэл, 2016 оны Улаанбаатарын Гран Пригээс алтан медаль хүртэж байжээ.


















































Сэтгэгдэл (29)