Японы ерөнхий сайд Кишида Фумио, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёль нар хоёр талын харилцааг хэвийн голдиролд нь оруулах үйл явц сэргэснийг санал нэгтэй хүлээн зөвшөөрлөө. Ням гарагт Сөүлд хийсэн уулзалтынхаа үеэр тэд ингэж мэдэгджээ. Кишидагийн айлчлал, 12 жилийн турш завсардсан Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын харилцан айлчлалын цикл бүрэн сэргэсний илэрхийлэл болж байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн өнгөрөгч 3-р сард хийсэн айлчлалаас хоёр сар хүрэхгүй хугацааны дараа ийнхүү хариу айлчлал болж байгааг Кишида, Юн нар сайшаан тэмдэглэжээ. Тэд мөн, Умард Солонгосын пуужин болон цөмийн хөтөлбөрүүдтэй холбоотойгоор Япон, Өмнөд Солонгос, АНУ хооронд хоёр болон гурван талт аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх болно гэдгээ нотолсон байна. Дайны үеийн хөдөлмөрийн мөлжлөгийн асуудлаар Кишида өөрөө болоод засгийн газар нь, урьд өмнөх Танхимуудын баримталж ирсэн түүхэн байр суурийг хэлбэрэлтгүй дагахаа Өмнөдийн Ерөнхийлөгчид илэрхийлж байжээ. Уулзалтын дараа болсон хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Кишида мөн энэ асуудлыг хөндсөн байна. Тэрхүү хатуу бэрх түүхэн цаг үед асар олон хүн гашуун зовлон шаналалд нэрвэгдэж байсанд өнөө хэр сэтгэл шимширдэг гэдгээ тэр хэлжээ. Юн Сок Ёль Ерөнхийлөгчийн засгийн газар үүнийг Японы тал тодорхой хэмжээгээр буулт хийж байгаа хэлбэр хэмээн ойлгож байна. Өмнөдийн Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлэхээр өнгөрөгч 3-р сард зарласан төлөвлөгөөг Засгийн газар нь тууштай хэрэгжүүлэх болно гэдгийг цохон мэдэгджээ.
Энэ төлөвлөгөө нь, Дэлхийн хоёрдугаар дайны үед япон компаниудад хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байсан хүмүүст нөхөн төлбөр олгохоор заасан юм. Кишида мөн Япон улсын Ерөнхий сайдын хувиар, өмнөх түүх, түүнээс улбаатай үйл явдлуудыг анхаарахын зэрэгцээ ирээдүйн хандлагаар Өмнөд Солонгос улстай гар гараа атган урагшлах ёстой гэдгийг онцолж байжээ. Ингэхдээ тэрээр дээд хэмжээний болон бусад төрлийн уулзалт яриа хэлэлцээний замаар хоёр талын харилцааг үргэлжлүүлж хөгжүүлэх эрмэлзэлтэй байна. Энэ ч үүднээс тэр энэ сарын 19-нд Хирошимад болох Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг урьжээ. Өмнөдийн Ерөнхийлөгч тэр үеэр Япон, АНУ-ын удирдагчидтай гурвалсан уулзалт хийх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр мөн далай руу цэвэрлэж, саармагжуулсан ус цутгахыг зорьж байгаа Токиогийн төлөвлөгөөний хүрээнд Фукушима-Дайчи Атомын цахилгаан станц руу энэ сард шинжээчдийн бүлэг илгээхээр Кишида ерөнхий сайдтай тохирсон гэдгээ дурджээ. Японы зүүн хойд талын бүс дэх энэ цахилгаан станцад 2011 оны 3-р сард болсон газар хөдлөлт, цунамигийн улмаас гурван ч удаа ослын байдал үүсэж байсан юм. Эндэх цөмийн түлшний хөргүүрт ашиглагдсан цацраг идэвхт усыг цэвэрлэж, далай руу нийлүүлэх шаардлагатай ч тритий-н түвшин өндөр хэвээр байгаа юм байна.