Хорин нэгдүгээр зууны Монголын утга зохиолын гол төлөөлөгчдийн нэг Сорогдогийн Жаргалсайханы зохиол “Шөнө дундын бүжиг” уянгын жүжгийг найруулагч М.Батболд найруулан тавих гэж байна.
Орчин цагийн Монголын драмын урлагт байр сууриа хэдийн эзэлсэн “Орфей” театрынхан “Зуны шөнийн театр” төслийг ирэх зургаадугаар сараас хэрэгжүүлнэ. Уг төслийн эхний уран бүтээлээр ийнхүү “Шөнө дундын бүжиг” жүжгийг сонгож, үзэгчдэд хүргэхээр болжээ.
Энэхүү жүжиг нь “Орфей” театрынхны үзэгчдэд хүргэж буй анхны монгол зохиол юм. Жүжигт “Энэ нийгэмд бодит байдал дээр хүн төрхтэй араатан олон болж. Сайхан сэтгэл, үнэнч хайранд бус эд хөрөнгө, хөнгөн жаргалдаа, шуналдаа автан амьдрах хүн сүрэг болж” гэдгийг тод томруунаар харуулж, содон байдлаар өгүүлдэг билээ.
Эл жүжгийг кабаре төрлөөр, насанд хүрэгчдэд зориулан хүргэхээрээ онцлогтой аж.
“Шөнө дундын бүжиг” жүжгийг “Хувьсал” продакшныхан 2001 онд үзэгчдэд анхлан хүргэхэд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУГЖ У.Уранчимэг, Ж.Оюундарь, Г.Эрдэнэбилэг, жүжигчин Н.Ялалт нарын жүжигчид тоглосон бөгөөд 2011 онд дахин сэргээн тоглоход МУГЖ С.Болд-Эрдэнэ, жүжигчин Г.Отгонцэцэг, Б.Баярмаа, Б.Оюунбаатар, Л.Амарсайхан нар тоглож байв. Ийнхүү “Шөнө дундын бүжиг” жүжиг 12 жилийн дараа тайзнаа тоглогдох юм.
Ташрамд дурдахад, ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэсэн найруулагч М.Батболд өмнө нь “Фауст”, “Гэм зэм”, “Опал” зэрэг дэлхийн сонгодгуудыг найруулан үзэгчдэд хүргэсэн юм. Найруулагчийн шинэ сонголт, үзэгчдэд хэдийн танил болсон энэхүү монгол жүжгийг хэрхэн тавих, жүжигчдийн сонголт ямар байх нь театрт дуртай хэн бүхний сонирхлыг татаж байна.