Монголын зун шиг гуравдугаар сарын намуухан өдөр. Хэдэн мянган хүн нэг зүг рүү холхиж, хэдэн зуун машин зогсоолоо сэлгэж байх нь тэр. Ар араасаа цуварсан хүмүүс юунд ингэж дэс дараатай зогссоныг хэлж мэдэхгүй юм. Бид уг нь БНСУ-ын Сөүл хотноо байрлах хогоор бүтсэн цэцэрлэгт хүрээлэнг сонирхохоор ирсэн хэрэг л дээ. Гэтэл тэр цуварсан хүмүүсийн ард зогсож, арав хүрэхгүй минутыг өнгөрөөв. 100 м өндөртэй, 2 км үргэлжлэх цэцэрлэгт хүрээлэнд хэд алхаад оччихно гэх миний төсөөлөл тэр өдрийн салхи шиг л хийсэн одсоныг нуугаад яах вэ. Намуухан, чимээ аниргүйн дундах сэвшээ салхинд үс хийсэж, хэлийг нь мэдэхгүй хүмүүсийн яриаг чих тавин сонссоор цэцэрлэгт хүрээлэнгийн төвд ирэв.
Яг л Монголын говь шиг цэлгэр талбай 20 гаруй жилийн өмнө хогоор хучигдсан хогийн цэг байсан гэхэд хэн ч итгэхгүй биз. Гэхдээ л энэ бол бодит үнэн.
1978-1993 оны хооронд нийт 15 жил хуримтлагдсан хогийн цэг Сөүл хотын төв хэсэгт байрлаж байсан аж. Харин 2002 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сөүл хотод зохиогдохоор болж, БНСУ шинэ цэнгэлдэх хүрээлэн барьжээ. Тус цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд уул шиг болсон хогийн цэг байсан нь Солонгосчуудын толгойны өвчин болжээ. Иймд БНСУ-ын Засгийн газраас хогийн цэгийг цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэр гаргаснаар өдгөө Солонгосчуудын очих дуртай газрын нэг болсон аж. Энд хаа сайгүй л хүүхдээ тэвэрсэн аав ээжүүд, хөтлөлцсөн хосууд, нохойгоо дагуулсан хүмүүс холхиж байгаа харагдана.
Амралтын өдрүүдэд 10-20 мянган хүн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалдаг бол ажлын өдрүүдэд 5-6 мянган хүн ирдэг байна.
Энэ талаар БНСУ-ын Сэтгүүлчдийн нэгдсэн холбооны менежер Ким Сон Жу “20 гаруй жилийн өмнө энд хог цэгийн цэг байсан. Харин одоо хүмүүсийн ирэх дуртай газрын нэг болсон. Хан мөрөн эндээс үнэхээр сайхан харагддаг. Газар нутаг жижигтэй улсад хогийг хамгийн сайн менежментээр ашигласныг эндээс харж болно. Маш олон хүмүүс ирж үздэг. Гаднын сэтгүүлчид ирээд мэдээ, сурвалжилга их бичдэг” гэсэн юм.
Үнэхээр л манай улсын Өмнөговь аймагтай тэнцэх хэмжээний жижиг газар нутагтай улс ч гэлээ иргэдийнхээ амралт, чөлөө цагаа өнгөрөөх газрыг маш сайн шийдэж өгсөн нь харагдаж байв.
Д.Батчулуун