Энэрэлгүй хорслын талбар. Капулетти, Монтекки гэх хоёр удмынхан эд баялаг, зэрэг зиндаа адил ч эртнээс наад сөргөлдөж цусан өсөөр сүлбэлдэн цаг ямагт дайсагнаж иржээ. Яагаад эвлэрч болдоггүйг бурхан хүртэл эс мэднэ.
Үзэн ядаж хорссон хоёр удмын үйлийн үртэй хоёр үр нь Ромео, Жульетта хоёр ба тэдний хайрын түүхийг дүрслэн харуулсан У.Шекспирийн “Ромео, Жульетта” зохиолгүйгээр чин хайрыг төсөөлөхийн аргагүй.
Тэгвэл Улсын драмын эрдмийн театрын тайзанд тус жүжиг шинэ бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 11-14-нд тоглогдох гэж байна. Жүжгийн урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж, Ромеод Б.Шинэбаяр, Жульеттад Т.Анхзул, Меркуциод Г.Ганбат, Тибальтад Т.Сэргэлэн, Бенволиод Б.Золжаргал, өрлөг эхэд Ж.Оюундарь, Лоренцод С.Болд-Эрдэнэ, Капулеттид Н.Ялалт, Хатагтай Капулеттид Г.Отгонцэцэг, Монтеккид Г.Амгаланбаатар нар тоглохоор болжээ. Энэ жил тус жүжгийн 160 дахь удаагийн тоглолт бөгөөд манай улсад 1996 онд Ч.Найдандорж найруулагчийн тавилтаас хойш 26 жилийн дараа их тайзнаа дахин амилуулах гэж байна.