Олон улсын "Гал сөнөөгчдийн өдөр" өнөөдөр тохиож байгаа бөгөөд дэлхий нийт уг өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдөртэй холбогдуулан бид та бүхэнд сонирхолтой статистик мэдээлэл хүргэж байна. Өнөөдрийн байдлаар Монголд ГАЛ гэдэг нэртэй 68 хүн байна. Түүнчлэн ГАЛЧ гэдэг нэртэй найм, ГАЛАА гэдэг нэртэй 63 иргэн амьдарч байгаа ажээ.
Тус өдрийг тэмдэглэх болсон шалтгаан
Австралийн Виктория мужийн хүн ам суурьшсан бүсэд 1998 оны 12 дугаар сарын 2-нд ойн томоохон хэмжээний түймэр гарч олон хоног үргэлжлэн асжээ. Улмаар 1999 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр уг түймрийг унтраахаар ажиллаж байсан Линтон хотын Геелонг Вестийн Гал унтраах ангийн гал сөнөөгчид болох Гарри Вредевельдт, Крис Эванс, Стюарт Дэвидсон, Жейсон Томас, Мэттью Армстронг нар амь насаа алджээ.
Эдгээр гал сөнөөгчийн дурсгалыг хүндэтгэн дэслэгч Эдмонсон и-мэйл бичиж олон улсад түгээснээр “Олон улсын гал сөнөөгчдийн баяр”-ын өдрийг тэмдэглэх болж, улс орон бүр гал сөнөөгчдийг алдаршуулан, тэдний бахархлын өдөр болгосон гэдэг.
Л.Сайнаа