БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн баг үүрэг гүйцэтгэж буй. Тус багийн “Хубилай” баазад “UNMISS” ажиллагааны Хүчний командлагч дэслэгч генерал Мохан Субрамани, “Юнити” секторын командлагч бригадын генерал Эммануэль Ругазора болон албаны бусад бүрэлдэхүүн 4 дүгээр сарын 27-ны өдөр айлчилж, багийн үйл ажиллагаатай танилцжээ.
Хүчний командлагч дэслэгч генерал Мохан Субраманийг мотобуудлагын батальоны Хүндэт харуул жагсаж, угтсаны дараагаар тус батальоны үүрэг гүйцэтгэлтийн талаарх танилцуулгыг хурандаа Н.Эрдэнэбаяр хийсэн юм. Энэ үеэр албаны бүрэлдэхүүн мотобуудлагын батальоны хүндэтгэлийн танхимд зочлон хүндэт дэвтэрт санал, сэтгэгдэлээ үлдээж, баазын дотоод үйл ажиллагаатай биечлэн танилцсан юм.
Тэрбээр, “Хүндэт зочны дэвтэр”-т үлдээсэн сэтгэгдэлдээ, “Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн нь үүрэг гүйцэтгэж буй Юнити муж болон Бор сууринд өөрсдийн цэргийн эрдэмд мэргэшсэн байдал, сахилга, зохион байгуулалтын өндөр түвшинд, эрэмгий байдал, ур чадвараараа UNMISS ажиллагааны цэргийн хүчний хэмжээнд жишиг тогтоож, мэргэжлийн ур чадвараараа үлгэр жишээ болж байгааг хэлэхэд таатай байна.
Монгол Улсын цэргийн багийн бүрэлдэхүүнд 93 эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа нь ажиллагааны хэмжээнд тоогоороо бусад улсуудын цэргийн багаас тэргүүнд эрэмбэлэгдэж байна. Тэдний төлөөлөлтэй уулзаж үүрэг гүйцэтгэх хугацаанд олж авсан цэргийн хэргийн мэдлэг, туршлагын талаар санал солилцох боломж олдсон сайхан уулзалт боллоо. Хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Монгол Улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүнд UNMISS ажиллагааны цэргийн хүчний гол цөм болж байгаад нь талархаж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн тэмдэглэжээ.