МУИС-ийн Утга зохиол урлаг судлалын тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2023” яруу найргийн наадам зарлагдлаа.
Тус наадамд өмнө нь зөвхөн их дээд сургууль, коллежийн оюутнууд оролцож байсан бол энэ жилээс эхлэн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг хамруулж хүрээгээ тэлжээ. Уралдаанд оролцох бүтээлүүдийг тавдугаар сарын 5-ны 18:00 цаг хүртэл хүлээн авах юм.
“Чөлөөт сэтгэлгээний дуулал-2023” яруу найргийн наадамд бүтээлээ ирүүлсэн зохиогчдын нэрсийг нууцлан зөвхөн бичвэрүүдийг мэргэжлийн судлаачдаар уншуулж үнэлгээ тавиулах журмаар ангилал тус бүрд шилдэг 10 бүтээл шалгаруулна. Мөн ангилал бүрийн эхний гурван байрыг шалгаруулж шагнал гардуулах аж.
Энэхүү наадмыг анх 1993 онд зохион байгуулж байсан юм. Анхны наадамд Болор цомын эзэн яруу найрагч Б.Галсансүх түрүүлж байжээ.
Ийнхүү 30 дахь жилтэйгээ золгож буй “Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадам нь бичиж, туурвидаг хэн бүхэнд нээлттэй юм.