БАРИМТ 1
Хаан эзний нуган
Хар сүлдний туган
Барсын зулзага мэт хоёр үрийг
Бачимдах галд амсуулъя.
БАРИМТ 2
Толгой чинь биш
Бие чинь дийлсэн өдрөө
Тоос цусан дунд та
Мартсан байж мэднэ.
БАРИМТ 3
Хавирган завсраараа гараа оруулж
Халуун зүрхээ базлаа ч
Худлаагийн усан шүүс гарч
Хурууны үзүүрт үнэн юм торохгүй байна.
БАРИМТ 4
Сүүдэртээ хүртэл итгэж чадахгүй бол
Сүнс чинь гэрээ олохгүй болно.
БАРИМТ 5
Yр жимсээ танихгүй
Намар сэгсэрдэг
Yлгэртсэн модод шиг.
БАРИМТ 6
Хаан сэнтийд хоёр бөгс багтдаггүй юм
Харин нэг толгой л багтдаг юм.
БАРИМТ 7
Цэцэг шиг ариухан түүний умайд
Цэнгэлийн үзүүр минь загас шиг их жаргасан.
БАРИМТ 8
Хүссэний минь төлөө
Бялууруулж байхаар
Хяссанаараа гөлийж байхгүй яагаав
Бяртай тэнгэр минь.
БАРИМТ 9
Эрийг битгий хэл төрийг дийлэх зоригийг
Энүүнд л чи гарга.
БАРИМТ 10
Хүнийг төрхөө олоогүй байхад нь
Гөлгийг нүдээ нээгээгүй байхад нь төөрүүлдэг юм
Битгий нялхар тэнэг эм минь
Би дараачийн хааны эцэг.
БАРИМТ 11
Бага явдалт чамаас
Yнссэн уруулынхаа мөрийг
Биенээс чинь илдээр ухаж авч
Yхсэн зовлогоор чинь
Тасын тахилга үйлдэнэ.
БАРИМТ 12
Төр самуурч
Гэр үймэхээс эмээхгүйг бодов, би
Амь тавин алалддаг энэих орыг
Амьд байхдаа эзэнтэй болгов, би.
БАРИМТ 13
Хөлд орох анхны алхам нь хүртэл
Хүннү төрийн төлөө байг гэж бодов, би
Хэлд орох анхны үг нь хүртэл
Хүннү гэж хэлэг гэж санав, би.
БАРИМТ 14
Хаан цусанд од унаж
Харгуйгаа сольж урсав.
БАРИМТ 15
Би чиний өсөхийг хүлээж
Чи миний үхэхийг хүлээж
Чамд жам хань болж
Надад тэнгэр хань болох нь дээ.
БАРИМТ 16
Тамга илд хоёр барьж явсан гар минь мойж
Төрийг сэтгэж явсан толгой минь цайлаа . . .
Надад одоо юу үлдсэн билээ . . .
Төр залгах хүү алга
Бие залгах хатан алга
Хүчирийг би өнөөдөр
Хаан ширээнд зална
Хүннү төр
Эзэнгүй байх ёсгүй ээ.
БАРИМТ 17
Чиний амнаас үг биш
Могой унах шиг
Зүлгэж ирсэн тэр могой
Зүрхийг минь хатгах шиг.
БАРИМТ 18
Чи уул юмаа гэхэд
Чиний цаан уул байхгүй юм шиг
Чи ус юмаа гэхэд
Чамаас өөр мөрөн байхгүй юм шиг
Би чамайг хайрласан сан
Амь тавин хайрласан
Ганц эмзэг минь
Алганы минь хээг дагаж бөмбөрсөн
Ганц сувд минь.
БАРИМТ 19
Төрийн дор
Хаан хатан хоёр буй
Тэнгэрийн дор
Хилэнц – аврал хоёр буй.
БАРИМТ 20
Билүү мэт бодол, шийдэл
Бие ухааныг минь ирлэж дууслаа.
БАРИМТ 21
Сүү минь халхлаад
Чамайг ойлгуулахгүй юм шиг байна
Сүнс минь ч тэг гэж хэлэхгүйг
Би мэдэрч байна.
БАРИМТ 22
Амь нас, бодол хоёр бие биенээ химлэж байна.
Yхдлийн хэвлий дэх өтнүүд мэт
Yймэлдэн язганаж дотроос зулгааж байна.
БАРИМТ 23
Хамгийн сүүлчийн удаа
Хаан гэдгээ мартаж өлмийд чинь сөгдье
Эцсийн удаа гишгэсэн газрын чинь
Эсгэлэн шороог би ус шиг залгилъя.
БАРИМТ 24
Хүннү улсын
Хаан тамгаа атгаж төрнө
Чихэнд чинь биш
Биенд чинь илдээр хэлчихье.
Сэтгэгдэл (2)