Энэ оны жүдо бөхийн ДАШТ ирэх тавдугаар сарын 19-23-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдах бөгөөд таван тивийн 109 орны 675 шилдэг жүдоч хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Тус тэмцээнд манай улсаас 13 жинд 18 жүдоч хүч үзэх гэж байгаагийн ес нь эрэгтэй, ес нь эмэгтэй. Өнгөрсөн оны ДАШТ мөн л энэ сард болж өнгөрсөн билээ. Тэгвэл бид та бүхэнд удахгүй эхлэх ДАШТ-д хүч сорих жүдочдыг цувралаар танилцуулж байна. Энэ өдөр бид эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд өрсөлдөх ОУХМ Э.Ариунболд, Г.Цогт-Очир нарыг танилцуулъя.
Уг жинд дэлхийн аваргын төлөө чансааг тэргүүлэгч Тайваний Ян Юүн Вэ, Испанийн Гарригос Франциско, Францын Мкедз Лука, Японы Нагаяма Рюжу нарын шилдгүүд эгнэж байна. Ян Юүн Вэгийн хувьд энэ оны ААШТ-ий мөнгөтэй. 2022 оны ДАШТ-ээс хүрэл, 2020 оны Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн, бусад тэмцээнүүдээс 20 гаруй медальтай, 26 настай жингийн шилдэг жүдоч юм. Харин Испанийн Гарригос Францискогийн хувьд өнгөрсөн оны ДАШТ-ий алттай. 2021 оны хүрэлтэй. Мөн Европын аваргын гурван алт, хүрлээс эхлээд мөн л 20 гаруй медальтай. Эд 29 настай, хамгийн хэцүү өрсөлдөгчдийн нэг юм.
Э.Ариунболд гэж хэн бэ?
Жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер, "Алдар спорт хороо"-ны тамирчин Э.Ариунболд бол хөнгөн жингийн шандастай мастеруудын нэг. Саяхан болж өнгөрсөн Туркын Анталяагийн Их дуулгад тойргийн барилдаанаа галтайхан хийж байхыг нь харсан. Угтаа 60 кг-д манай улсаас өмнө нь түүн шиг тодорч байсан бөх ховор.
Тэрбээр 1996 онд төрсөн, одоо 28 настай. Ирлэсэн тонгорог шиг яваа тэрбээр 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, Монголын ард түмнийг баярлуулсан. Тэр өдөр түүнийг дийлэх нь Японы алдарт бөх, 2016 оны Риогийн олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий гурван алт, нэг хүрэл медальт Такато Наохиса л байсан юм.
Саяхныг хүртэл ийм жүдоч байдаг эсэхийг зарим хүмүүс мэддэггүй байсан. Гэнэт ДАШТ-ээс мөнгөн медаль хүртчихсэн хэрэг огт биш. Уг амжилт түүний 14 жилийн нөр их хөдөлмөрийн үр шим юм. Өнгөрсөн оны ДАШТ-ээс хойш тэрбээр гурван их дуулга тэмцээнд тавдугаар байрт шалгарсан юм. Магад жингийн бөхчүүдээ судалж байгаад жинхэнэ аварга болохын төлөө хүчээ гаргана гэж би хардаг, хүлээдэг. Түүний нас эд дундаа гялалзаж буй учир цаашид улам сайн барилдаж, Монголын ард түмний магнайг тэнийлгэнэ гэж найдаж байна.
Э.Ариунболд одоогоор Дэлхийн чансааны 3484 оноотой, 13 дугаар байрт бичигдэж буй. Сүүлийн үед гаргасан онцлох амжилтууд,
2024 оны гуравдугаар сарын 29 Анталиягийн Их дуулга 2024 |
7 байр |
2023 оны есдүгээр сарын 24 Ханжоу 2022 Азийн 19 дүгээр наадам |
5 байр |
2023 оны наймдугаар сарын 04 Унгарын Мастерууд 2023 |
Мөнгө |
2023 оны гуравдугаар сарын 31 Анталиягийн Их дуулга 2023 |
5 байр |
2023 оны хоёрдугаар сарын 04 Парисын Их дуулга 2023 |
5 байр |
2022 оны 12 дугаар сарын 03 Токиогийн Их дуулга 2022 |
5 байр |
2022 оны 10 дугаар сарын 06 Ташкент хотод 2022 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн |
2 байр |
Г.Цогт-Очир гэж хэн бэ?
Гэнэт л тодорсон жүдоч гэвэл түүнийг л хэлнэ. Анх 2022 онд 21 настай залуу Олон улсын жүдо бөхийн холбооны “Portugal-2022” Гранпри тэмцээн Португалийн Алмада хотноо зохион байгуулагдахад хүрэл медаль хүртэж байв. Энэ нь түүний "IJF"-ийн дэлхийн цуврал, Гранпри ангилалаас авсан анхны медаль байлаа.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Хангарьд” спорт хорооны тамирчин Бямбажавын Цогт-Очир гэх энэ хүү ирээдүйд юм дуулгах нь гарцаагүй. Өнгөрсөн сард болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртсэн нь түүнийг хэр өсөж буйг гэрчилнэ. Тэрбээр дэлхийн чансаанд 2054 оноотойгоор 29 дүгээр байрт бичигдэж буй. Түүний сүүлийн үеийн амжилтуудаас,
2024 оны дөрөвдүгээр сарын 20 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн |
3 байр |
2024 оны гуравдугаар сарын 29 Анталиягийн Их дуулга 2024 |
5 байр |
2023 оны наймдугаар сарын 04 Унгарын Мастерууд 2023 |
7 байр |
2022 оны 11 дүгээр сарын 04 Баку Гранд Слам 2022 |
Хүрэл |
Л.Сайнаа
Сэтгэгдэл (7)