Суданд үүссэн дайны нөхцөл байдал улам хурцдаж байна. Тодруулбал, нийслэл Хартум хот дахь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний лабораторийг дайчид эзлэн авсны дараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мягмар гарагт "биологийн асар том эрсдэл" үүсэхийг анхааруулж, гадаадын улс орнуудад иргэдээ Суданаас яаралтай гаргахыг уриалжээ.
Суданы Зэвсэгт хүчин болон Шуурхай туслах хүчний хоорондын тулаан 11 дэх хоногтоо үргэлжилж буй. Тэд өнгөрсөн долоо хоногт 72 цагийн гал зогсоох тохиролцоогоо зөрчсөн бол энэ сарын 24-нд байгуулсан өөр нэг 72 цагийн гал зогсоох гэрээгээ дахин зөрчлөө. Тохиролцоонд хүрээд удаагүй байсан талууд нэг өдрийн хагасын дараагаар харилцан гал нээжээ. Хартум хотын хойд хэсэгт талуудын хооронд хүчтэй мөргөлдөөн болж, олон хүн эндсэн тухай мэдээлэл буй.
Дайтаж буй хоёр тал бие биенээ гэрээг зөрчсөн гэж буруутгав. Суданд дайн дэгдсэнээс хойш амь үрэгдэгсдийн тоо наад зах нь 459 хүрч, 4072 хүн шархадсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мягмар гарагт мэдэгдэв.
Л.Сайнаа