Судан улсад Зэвсэгт хүчин болон Шуурхай туслах хүчний генералуудын тэмцэл хурцдаж, олон зуун хүний аминд хүрээд байгаа. Тус улсад байсан хоёр Монгрл иргэн урд шөнө 21:00 цагийн үед аюулгүй газарт очсон гэж Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн билээ.
Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен даваа гарагт Суданы сөргөлдөөнтэй талууд дөрөвдүгээр сарын 24-ний шөнө дундаас эхлэн 72 цагийн турш гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдэв. Суданы Зэвсэгт хүчин буюу SAF болон Шуурхай туслах хүчин буюу RSF-ийн хооронд байгуулсан уг тохиролцоо нь сүүлийн 48 цагийн турш эрчимтэй хэлэлцээ хийсний үр дүнд бий болсон ажээ.
Тэд өнгөрсөн долоо хоногт мөн л 72 цагийн турш гал зогсоох гэрээ байгуулсан ч сөргөлдөөн даамжирч, гэрээгээ зөрчсөний улмаас олон хүний алтан амь үрэгдсэн билээ. Хэрэв тэдний тохиролцоо хэрэгжвэл энэ нь энгийн номхон хүмүүст хоол хүнс, эмнэлгийн хэрэгсэл зэрэг нэн шаардлагатай чухал нөөцийг олж авах боломжийг бий болгож чадна.
Л.Сайнаа