ОХУ-ын Белгород хотод дэлбэрээгүй тэсрэх бодис олдсоны дараа 3000 гаруй хүнийг гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ. Энэ нь Орос санамсаргүй байдлаар тус хотод бөмбөг хаяж, байшингуудыг сүйтгэж, хэд хэдэн хүнийг шархдуулсанаас хойш хоёр хоногийн дараа болж буй үйл явдал болов. Бямба гарагт буюу сүүлд олдсон дэлбэрээгүй бөмбөг Оросын Сухой-34 сөнөөгч онгоцноос унасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ хот нь Украинтай хиллэдэг хилээс 40 км-ийн зайд оршдог ажээ.
Орон нутгийн захирагч Вячеслав Гладков 3000 оршин суугчийг хамарсан 17 орон сууцны барилгыг "200 метрийн радиуст бүслэх шаардлагатай" гэж Telegram дээр баталжээ. Хожим нь тэрбээр нүүлгэн шилжүүлэлтийг цуцалж, иргэдийг гэртээ буцахыг зөвлөсөн нь бөмбөгийг аюулгүй болгосны дараах мэдэгдэл гэж CNN агентлаг мэдээлэв.
Уг бөмбөгийг пүрэв гаригийн орой санамсаргүй хаясан бөмбөгтэй ижил газраас олсон бөгөөд хотын төвд ойрхон 20 метр өргөнтэй асар том тогоо үлджээ. Пүрэв гарагт анх унасан бөмбөгний дэлбэрэлт маш том байсан тул ойролцоох дэлгүүрийн дээвэр дээр машин унажээ. Энэ явдлын дараа Оросын Батлан хамгаалах яам Су-34 онгоцнуудын нэг нь хотын дээгүүр өнгөрч байхдаа санамсаргүй байдлаар бөмбөг унагасан болохыг хүлээн зөвшөөрсөн.
Л.Сайнаа