Шинэ Зеланд улсад уугуул амьтдыг хамгаалах ажлын хүрээнд хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг зэрлэг муур агнах уралдааныг олон нийт болон амьтны эрхийг хамгаалах бүлгүүдийн эсэргүүцлийн дагуу зогсоолоо.
Энэхүү арга хэмжээ нь Өмнөд арлын Кентербери мужид байрладаг Ротерхэм сургуульд Хойд Кентерберигийн ан агнуурын байгууллагаас зохион байгуулах хандивын арга хэмжээний нэг хэсэг байх байсан. Зохион байгуулагчид жил бүр 14-өөс доош насны хүүхдүүдэд зориулсан зэрлэг муур агнах уралдааныг зарлаж, дээд шагнал болох 250 Шинэ Зеландын доллар буюу 150 ам долларын үагнал гардуулдаг байжээ. Гэвч тэдний энэхүү мэдэгдэл нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн бөгөөд зохион байгуулагчид даваа гарагт арга хэмжээгээ цуцлахад хүрсэн.
Муур нь Шинэ Зеландын олон хүмүүсийн дунд түгээмэл, хайртай тэжээвэр амьтан боловч зэрлэг муурнууд нь бусад зэрлэг амьтдад үзүүлэх нөлөөгөөраа амьтдад хайртай хүмүүс болон эрх баригчдын хооронд удаан хугацааны үл ойлголцлыг дэгдээсэн. Хөрш зэргэлдээ Австралид зэрлэг муур 100 гаруй төрөл зүйлийн амьтдыг оршин тогтноход заналхийлж байна гэж эрх баригчид мэдэгдэв. Зэрлэг муурнууд өдөр бүр олон сая шувууд, хэвлээр явагчид, мэлхий, хөхтөн амьтдыг устгадаг гэж буруутгагдаж, эрх баригчид тогтмол устгах ажлыг зохион байгуулдаг. Ямартай ч нэг хэсэг амьтдыг хамгаалахын тулд нэг төрөл зүйлийг үгүй хийх нь зөв, буруу эсэх дээр ширүүхэн маргаан өрнөж байна.
Л.Сайнаа, CNN