**************************************************************************************************************************************************************
Мягмар гарагт Суданы нийслэл Хартум хотод зэвсэгт этгээдүүд НҮБ болон бусад олон улсын байгууллагад ажилладаг хүмүүсийн гэр рүү дайран орж, халдлага үйлдэв. Тус улсын зэвсэгт хүчин болон хагас цэрэгжсэн Шуурхай туслах хүчний (RSF) хоорондын тулаан дөрөв дэх өдрөө Хартум хотод үргэлжилж байна.
Орон нутгийн цагаар 18.00 цагаас хүчин төгөлдөр болох байсан 24 цагийн гал зогсоох тохиролцооноос хэдхэн цагийн дараа Хартумын төвд хоёр бүлэглэлийн хоорондын мөргөлдөөн дахин дэгдэж, эвлэрэх оролдлого нуран уналаа. Өнгөрсөн 48 цагийн дотор эмх замбараагүй байдлын улмаас 270 гаруй хүн амиа алдаж, 2600 гаруй хүн шархадсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албаны хүмүүс Суданы Эрүүл мэндийн яамны шуурхай ажиллагааны төвөөс иш татан мэдээлэв.
Зэвсэгт хүчнийхэн Хартум хотын төвд байрлах НҮБ-ын ажилтнууд болон бусад олон улсын байгууллагын ажилчдын гэрт нэгжлэг хийсэн тухай CNN агентлаг бичжээ. Хоёр тал бие биенээ буруутгасан байр суурьнаас мэдэгдэл хийж байгаа бөгөөд Шуурхай туслах хүчний удирдагч өөрийн талыг хэзээ ч НҮБ-ын ажилчдад халдахгүй гэдгийг хэлжээ.
Л.Сайнаа