АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос Хятадын хоёр төлөөлөгчийг баривчилж, холбооны прокурорууд олон арван хүнийг АНУ-ын тэрс үзэлтнүүдийн амыг таглаж, дарамтлахын тулд ажилласан, зарим нь бүр Нью-Йорк хотод нууц цагдаагийн газар ажиллуулсан хэрэгт буруутгаж байна.
Лу Жианванг, Чен Жинпин нар Нью-Йорк хотын Чайнатаун буюу Хятад хороолол дахь цагдаагийн газрыг ажиллуулдаг байсан бөгөөд тэд хоёулаа АНУ-ын иргэн ажээ. Тэднийг Хятадын засгийн газрын төлөөлөгчөөр ажиллаж, шударга ёсыг тогтооход саад учруулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Нью-Йоркийн зүүн дүүрэг дэх АНУ-ын прокурорын төлөөлөгч Жон Марзулли хэлэхдээ, өнгөрсөн намар тус газарт нэгжлэг хийх тушаал гаргаснаас хойш тус цагдаагийн газрыг хаасан гэжээ.
Тэд даваа гарагт болсон шүүх хуралд хүрэлцэн ирсэн ч Луг 250 мянган ам.долларын барьцаагаар, Ченийг 400 мянган ам.долларын барьцаагаар сулласан байна. Түүнчлэн шүүхээс тэднийг Хятадын консулын газар болон төлөөлөгчийн газраас хагас милийн зайд зорчих, хуйвалдааны журмаар хүмүүстэй харилцахыг хориглосон тушаал гаргажээ. Аль аль нь өргөдөл гаргаагүй байгаа аж.
Лугийн өмгөөлөгчийг шүүхээс хэвээр үлдээж, Ченд улсын өмгөөлөгчийн газраас өмгөөлөгч томилсон байна. Хоёр иргэний өмгөөлөгч олон нийтэд тайлбар хийхээс татгалзжээ. Мөн АНУ-ын Хууль зүйн яам мөн БНХАУ-ын үндэсний цагдаагийн газрын 34 ажилтныг Хятадын засгийн газрыг шүүмжилсэн АНУ-д хятад иргэдийг дарамталсан хэргээр буруутгаж байгаагаа зарлав. Уг 34 хүн бүгд Хятадад амьдарч, эрх чөлөөтэй байгаа гэж үзэж байна. Эдгээр офицерууд нь БНХАУ-ын талаарх дэлхий нийтийн ойлголтод нөлөөлөх “912 төслийн тусгай ажлын хэсэг” буюу Хятадын засгийн газрын хүчин чармайлтын нэг хэмээжээ.
Л.Сайнаа