**************************************************************************************************************************************************************
Бүгд Найрамдах Судан улсад олон жилийн турш өрнөж буй дайны хурцадмал үйл явц нь иргэний засаглалд тайван замаар хүрэх боломжийг улам бүр үгүй хийсээр байна. Энэ байдлыг сүүлийн хэдэн жил дэврээж буй хүмүүс бол нэг талаас Суданы цэргийн удирдагч Абдель Фаттах аль-Бурхан, нөгөө талаас хагас цэрэгжсэн, Шуурхай туслах хүчний командлагч Мохамед Хамдан Дагало нар билээ. Тэдэнд зүтгэгч сайн дурынхан тулалдааны хажуугаар энгийн номхан иргэдийг хөнөөж, дээрэм тонуул хийдэг.
Хамгийн хачирхалтай нь саяхныг хүртэл тэд холбоотон байсан гэвэл та итгэх үү.
Тэд 2019 онд Суданы хуучин ерөнхийлөгч Омар аль-Баширыг түлхэн унагахад хамтран ажиллаж, 2021 онд болсон цэргийн эргэлтэд гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Гэсэн хэдий ч иргэний засаглалыг сэргээх төлөвлөгөөний хүрээнд RSF буюу Мохамедын тэргүүлж буй Шуурхай туслах хүчин тус улсын цэргийн хүчинд нэгтгэх хэлэлцээрийн үеэр хурцадмал байдал үүсэж, талууд муудсан юм.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлтөөс үүссэн иргэдийн жагсаал Баширын 30 гаруй жилийн ерөнхийлөгчийн замналыг зогсооход гол нөлөөгөө өгсөн гэж үздэг. Түүний засаглалын үед Өмнөд Судан хуваагдаж байсан бол одоо тийм биш. Уг үйл явдлын дараа Олон улсын эрүүгийн гүүхээс түүнийг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчилсан. Уг хоёр генералын тэмцлээс болж, Судан улсыг таагүй ирээдүй хүлээж байна гэж олон улсын шинжээчид ярьж байна.
"Шуурхай туслах хүчний удирдагч Мохамед Хамдан Дагало гэж хэн бэ?"
Шуурхай туслах хүчин бол цэргийн генерал Мохамед Хамдан Дагалогийн үүсгэн байгуулсан засгийн эрхэнд хурдацтай өсөн дэвжиж буй хагас цэрэгжсэн бүлэглэл юм. 2000-аад оны эхээр Суданы Дарфурын мөргөлдөөн өрнөхөд тэрбээр хүний эрхийг зөрчиж, харгис хэрцгий хэрэгт холбогдсон Суданы цуутай Жанжавид хүчний удирдагч байсан юм. Башир энэ бүлгийг Хилийн тагнуулын анги гэгддэг хагас цэрэгжүүлсэн хүчин болгон албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь олон улсын эсэргүүцэлтэй тулгарч байсан удаатай. Нэг үгээр хуучин ерөнхийлөгч Баширыг хамгаалдаг байсан хүчин юм. 2007 онд түүний цэргүүд тус улсын тагнуулын албаны нэг хэсэг болсон бөгөөд 2013 онд Башир, Дагало нараар удирдуулсан хагас цэрэгжүүлсэн бүлэг болох RSF-ийг байгуулжээ. Дагало 2019 онд Баширын эсрэг байр сууриа илэрхийлсэн боловч түүний хүчнүүд Хартум хотод ардчиллыг дэмжигч Баширын эсрэг суулт руу гал нээж, дор хаяж 118 хүний аминд хүрсэн.
"Цэргийн удирдагч Абдель Фаттах аль-Бурхан гэж хэн бэ?"
Тэр бол ерөнхийдөө Суданы удирдагч юм. Баширыг унагах үед Бурхан армийн ерөнхий байцаагч байв. Түүний карьер Дагалогийнхтой бараг зэрэгцэж ирсэн гэж хэлж болно. Тэрбээр мөн 2000-аад онд Дарфурын мөргөлдөөний гол эзэн байсан. Түүнийг өмнө нь Дагалотой холбоотон байсан гэж үздэг. Аль-Бурхан, Хемедти нар Персийн булангийн хүчирхэг улсуудын таашаалыг олж авснаар эрх мэдлийн өсөлтөө бэхжүүлсэн. Тэд Йеменд Саудын Араб тэргүүтэй эвслийн хүчинд үйлчлэхээр илгээгдсэн Суданы цэргийн ангиудын тусгай батальонуудыг командлаж байв. Одоо тэд эрх мэдлийн төлөөх тэмцэлд ялахын тулд нүдээ ухаж өгөхөөс буцахгүй байгаа.
Л.Сайнаа
Эх сурвалж: CNN