Өчигдөр өглөө Умард Солонгосоос хөөргөсөн пуужин шинэ төрлийн хатуу түлшээр ажилладаг тив алгасагч баллистик пуужин байсныг тус улсын төрийн төв хэвлэлүүд өнөөдөр мэдэгдлээ. Энэ мэдэгдэлд шинэ пуужингаа “Хвасон-18” гэж нэрлэж байжээ. Мөн энэ пуужингийн гэрэл зургийг өнөө өглөөний мэдээлэлд хавсарган нийтэлсэн байна. Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээлэлд, пүрэв гарагийн өглөө “шинэ төрлийн тив алгасагч пуужинг анхлан турших хөөргөлтийг удирдагч Ким Жон Ун өөрөө гардан удирдсан, охины хамт хөөргөх талбайд байсныг дурдсан байна. Мөн энэ туршилт нь хөрш зэргэлдээ орнуудын аюулгүй байдалд “сөрөг нөлөө” учруулаагүй, пуужин шатлалын дагуу задарсан гэж мэдээлжээ.
Тэрчлэн Хвасон-18 пуужин Умард Солонгос улсыг хамгаалж, гадны түрэмгийллийг няцаан, улс үндэснийх нь аюугүй байдлыг сахиулах болно гэдгийг Умардын цахилгаан мэдээний төв агентлаг мэдээндээ дурдаж, удирдагч Ким мөн “туршилтын хөөргөлтөөр хүрсэн ололтод ихээхэн сэтгэл хангалуун байгаагаа” илэрхийлсэн гэж мэдээлжээ. Хатуу түлшний пуужин нь дэлхийн зэвсэглэлийн шинэ тутам стандартад тооцогддог, шингэн түлшний пуужинтай харьцуулахад, зэвсгийн системээр илрүүлж, амдан сөнөөхөд амаргүй, бас түлшээ дотроо агуулдаг учраас хөөргөлтийн өмнө түлш цэнэглэх зэрэгт цаг ордоггүй давуу талуудтай. АНУ-ын тив алгасагч гол үндсэн баллистик пуужин Майнутмэн-3 гэхэд хатуу түлшний гурван шатлалт пуужингийн хөдөлгүүртэй байна. АНУ-ын цөмийн зэвсэг дэлгэрүүлэх салбарын шинжээч Жеффри Льюис Умард Солонгос хатуу түлшний тив алгасагч баллистик пуужин туршсаныг “гайхмаар биш” гээд, энэ улс хэзээнээсээ техник технологийн тал дээр АНУ, ЗХУ, Франц, Хятадын араас замнахыг гол болгодог. Хатуу түлшний пуужин турших нь хэдэн жилийн өмнөөс тодорхой байсан, цаг хугацааны л асуудал байсан.
Тэгээд ч хатуу түлшний пуужин ашиглахад илүү хялбар” гэж Твиттер”- хуудсандаа бичжээ. Пүрэв гарагийн өглөө Пхеньян орчмоос хөөргөж, Солонгосын хойгоос зүүн чигт унасан энэ пуужинг Өмнөд солонгосын цэргийнхэн дунд эсвэл хол тусгалын баллистик пуужин, мөн хатуу түлшнийх байж болзошгүй гэдэг байр суурийг өчигдөр илэрхийлж байсан юм.
Сэтгэгдэл (1)