********************************************************************************************************************************************************************************************************
АНУ-ын Массачусетс мужийн Агаарын үндэсний гвардийн гишүүнийг үндэсний батлан хамгаалахын нууц мэдээлэл задруулсан хэргээр Холбооны мөрдөх товчоо пүрэв гарагт баривчилсан гэж Ерөнхий прокурор Меррик Гарланд мэдэгдэв. Сэжигтэн Жек Тейшейра нь 21 настай бөгөөд нууц бичиг баримтыг байршуулсан онлайн чатын бүлгийн ахлагч байсан гэж албаны хүмүүс CNN-д ярьжээ. Түүний анхны шүүх хурал маргааш Бостонд болно гэж АНУ-ын прокурорын газраас мэдээллээ.
Тейшейрагийн албан ёсны ажил нь Кибер тээврийн системийн ажилтан байсан бөгөөд дэлхийн харилцаа холбооны чухал ажил гэж Агаарын цэргийн хүчнийхэн мэдэгдэв. Баримт бичигт холбоотнууд болон дайснууд, тэр дундаа Украин дахь дайны нөхцөл байдлын талаарх тагнуулын нарийвчилсан үнэлгээг багтаасан байжээ.
Агаарын үндэсний гвардийн анхан шатны зэрэгтэй, 21 настай залуу яаж ийм төрлийн материалыг олж авах боломжтой байсан юм бэ?
CNN агентлагийн хууль сахиулах, тагнуулын ерөнхий шинжээч Жон Миллерт үүнд хариулав: Бид цэргийн нарийн мэргэжлийн ажил эрхэлдэг залууст хэр их найдаж байгааг ойлгох хэрэгтэй.
Тэрбээр "Жек Тейшейра Агаарын үндэсний гвардийн тагнуулын 102 дугаар ангид ажиллаж байсан. Тэдний ажил маш нарийн төвөгтэй буюу амин чухалд тооцогдлог. Тэд Ирак, Афганистан, Сири зэрэг улсад Агаарын цэргийн хүчин болон байлдааны дайчдыг дэмжих, нууцын зэрэглэлтэй газар хаана ч илгээгдэж болох тусгай ажиллагааны багийг дэмжих зорилгоор тагнуул, тандалт, "ISR" даалгавар гүйцэтгэдэг дронуудыг нисгэдэг. Ингэснээр АНУ өргөн хүрээний тагнуулын үйл ажиллагаа явуулж, болзошгүй авулаас урьдчилан сэргийлж чаддаг. Тэдний өөр нэг зорилго бол кибер тагнуулын мэдээлэл цуглуулах бөгөөд хамрах хүрээний хувьд бүр ч өргөн болоод явчихна. Энэ албанд татагдаж буй хүмүүсийн ихэнх нь залуу хүмүүс л дээ. Тэд маш хатуу тангараг өргөдөг. Гэхдээ давуу талаа ашиглан цэргийн үүрэг, тангарагаасаа урвасан бол АНУ хатуу ял оноох болно" гэжээ.
Л.Сайнаа