"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн БЭТ Ж.Ганбат "БЭТ-ийн хугацааг сунгах эсэх асуудалтай холбоотойгоор өнгөрсөн зургаан сарын хугацаанд хийсэн ажил, гарсан үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Онцгой дэглэм тогтоохоос өмнө өдөрт 200-300 машин нүүрс тээвэрлэдэг байсан юм билээ. Бид экспортоо нэмэгдүүлсэн учир өдөрт 800 гаруй тээврийн хэрэгсэл, оргил үедээ 1,100 гаруй тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрт гарч байгаа. Аль болох дотоодын тээврийн компаниудтай хамтарч ажиллаж байна.
Төрийн худалдан авах агентлагтай хамтраад хамгийн хямд үнийн санал өгсөн компаниар нүүрсээ зөөлгөж байгаа. Нийтдээ манай улсад нүүрс тээврийн, зориулалтын хүнд даацын 22 мянган автомашин байгаа гэсэн АТҮТ-ийн судалгаа бий.
Үүнийг дангаараа бид бүгдийг нь ашиглах боломжгүй шүү дээ. Бас нэг асуудал байдаг нь С зөвшөөрөл. Хоёрдугаар улирлынхаа С зөвшөөрлийг бид олгосон. Гэтэл 13,000 хүсэлт ирж байгаа юм. Гэтэл бидний олгох хязгаар 4,680. Түүнээс гадна тээврийн компаниудын улсад өгөх татвар нэмэгдсэн байна лээ. Энэ нь нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбоотой, экспорт нэмэгдэх хэрээр дотоодын компанийн орлого, түүнийг дагаад улсад төлөх татвар ч нэмэгдэж байна гэж харсан" гэлээ.
М.ДЭВЭЭ