Үнэт металл, үнэт эдлэлийн арилжаа, үйлдвэрлэлийн салбарыг олон нийтэд таниулах зорилго бүхий “Үнэт металлын үндэсний форум” өчигдөр боллоо. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг форумыг Үнэт металлын үндэсний холбоо санаачилж, Санхүүгийн зохицуулах хороо болон "planetGOLD Монгол" төсөл хамтран зохион байгуулав.
Форумын эхний хэсэгт үнэт металлын салбарт тулгамдаж буй асуудал, алтны худалдаа, гарал үүслийн ил тод байдал, бичил уурхай, хүдэр боловсруулах үйл ажиллагаа, алт арилжаалагчдын тулгамдсан асуудал, түүгээр үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдэл зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, "Санхүүгийн зохицуулах хороо, planetgold Монгол" төсөл болон Монгол банк, Сорьцын хяналтын газар, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, Түмэн эрдэнэс холбоо, Эвт холбоо, Боловсруулах цехүүдийн зөвлөлболон холбогдох төрийн байгууллагуудын мэдээ мэдээллийг форумд оролцогчдод түгээлээ.
Үндэсний форумын хоёр дахь хэсэгт “Төрийн байгууллагуудын зүгээс салбарын оролцогчдын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох боломж арга зам” сэдэвт панел хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Оюуны өмчийн газар,Стандартчилал хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, "рlanetGOLD Монгол" төсөл, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, Монгол уран дарханы түмэн эрдэнэс нэгдсэн холбоо болон Үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчдийн эвт холбооны төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, тэдгээрт төрийн байгууллагуудын зүгээс хэрхэн оролцох талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Форумын эхэнд “Үнэт металлын үндэсний форум 2022”-оос гарсан зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг оролцогчдод танилцуулж, форумын төгсгөлд 2023 оны форумын зөвлөмжийн төслийг боловсруулав. Үндэсний форумд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын нийт 60 орчим албан тушаалтнууд оролцлоо.
Мөн энэ сарын 13-16-нд үнэт эдлэл, соёлын өвийн хосгүй бүтээлүүд, гоёл чимэглэлийн салбарын "MONGOLIAN JEWELLERY METAL EXPO-2023" нэгдсэн үзэсгэлэн хоёр дахь жилдээ болох юм.