************************************************************************************************************************************************************
Баруун Австралийн эрэг орчмоор хүчтэй хар салхи эрчимжиж байгаа бөгөөд орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой эсвэл баасан гарагийн өглөө тус бүс нутагт сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тохиолдоогүй хамгийн их сүйрлийг авчрах төлөвтэй байгаа тухай цаг уурын станцууд мэдээлжээ.
Пүрэв гарагийн эхээр циклон баруун эргийн дагуу баруун урд зүг рүү хөдөлж байсан ч салхины зүг гэнэт зүүн өмнө зүгт чиглэн 275 км/цаг (цагт 170 миль) хүчтэй хар шуурга авчрах төлөвтэй байгаа гэнэ. Австрали улс циклонуудыг ангилахдаа таван шатлалт системийг ашигладаг бөгөөд пүрэв гаригт дөрөвдүгээр зэрэглэлийн циклон болж бэхжсэн байна. Хар салхины сэрэмжлүүлгийн нэгдсэн төвөөс Илза газар унахаас өмнө тогтмол салхинд 240 км/цаг (150 миль) хүрнэ гэж таамаглаж байгаа ч эрэг рүү шилжихээс өмнө бага зэрэг суларч магадгүй юм. АНУ-ын масштабаар бол энэ нь дөрөвдүгээр зэрэглэлийн хар салхи болно.
Энэ зэрэглэлийн шуурга нь байшинг ч нураах, хийсгэх хүчтэй байдаг тул орон нутгийн эрх баригчид иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж, хийсэж, нурж болзошгүй эд хөрөнгүүдээ сайтар бэхэлж, аюулгүй байдлаа дээд зэргээр хангахыг анхааруулж байна. Өмнөх сэрэмжлүүлгээр 15,000 орчим хүн амтай Брум хотыг цохиж магадгүй гэж байсан ч систем өмнө зүг рүү нүүж, дохиоллын гол бүсээс гарсан байна. Харин хамгийн эхний цохилтод өртөж магадгүй байгаа Порт Хедландад 16000 орчим хүн амьдардаг бөгөөд ихэнх нь уул уурхайн салбарт ажилладаг.
Л.Сайнаа